1990-д оны дундуур манайхан ид гадагш явж чөлөөт нийгмийн амьдралтай танилцаж байсан үед бидний хэдэн нөхөд Солонгос улсад ажиллаж амьдарч, энэ ч гайхамшигтай юм, тэр ч гоё гэж дуу алдан гайхаж нүд тайлж байж билээ. Хүний гараар бүтээгдсэн гайхамшиг гэж бас байдаг аж. Солонгосын хөгжилд оруулж буй хувь нэмэрээ монголдоо оруулсан бол гэж боддог л юм. Сайн дураараа их шулуулсан даа бид. Хамт ажиллаж байсан хэд маань нутаг гэр орон хань ижил үр хүүхдээ их сананаа. Би ч бас. Гэхдээ надаас ялгаатай нь тэд архиар жаахан сатаарах. Манай ажил Со-чууддаа өглөө 8-с оройн 18 хүртэл боловч бид бараг орой болгон илүү цагаар ажиллах тул их ядарна. Манай эзэн бидэнд найруулдаг кофе, сүү, сахар өгдөг байв. Анх өгөхөд нь нэг хөгтэй явдал болж билээ. Бид бүгд л кофег анх хэрэглээ болгож үзэж байсан байх, ихээр ууж болдоггүй гэдгийг сайн мэдэхгүй байсныг бодоход. Найруулаад уусан Батбаяр гоё юмаа, яг шоколад шиг л гэж байна. Бид ч бас уулаа. Өөрийн мөнгөөр аваагүй юманд гамгүй хандаж хоол иддэг том аягаараа айраг ууж байгаа юм шиг л ууцгаасан даа. Тэр шөнөө бид бараг унтаж чадаагүйгээр барахгүй Батбаяр маань зүрх нь дэлсээд их л сандаргаж билээ. Бие сэргээж ажлын идэвх, бүтээмж нэмэгдэж л байвал эзэн маань их юм хийлгэж ашиг олох болохоор мэгжүү, сөөжүү, макколи, кофе, бакус гар таталгүй авч өгдөгийг хожим ойлгосон доо. Бид ажил дуусангуут ойрхон байдаг эмээгийн дэлгүүр зээлээр юм өгдөг тул асуудалгүй очих. Эмээ ч сайхан зантай юу авсныг нь дэвтэрт бичиж хар данс хөтлөөд цалингаас нь авчихдаг болохоор дуртай нь аргагүй өгнө. Манай хэд сард зээлээ 50000 воноос хэтрүүлэхгүй гэж байв ч халуураад дандаа л хэтрүүлэх. Тэгээд л эмээг нэмж бичлээ гэж хардана. Эмээ ч мунгинахгүй л бол нэмэхгүй дээ. Харин ч шударга шүү. Тооцоо хийсэний дараа тамхи татдагт нь тамхи гэхчилэн орлого орууллаа гэж урамшуулж байдагсан. Даваадорж төлсөн мөнгөндөө харамсаж хоргодохдоо эмээгийн нүдийг хариулж байгаад тамхи нууцаар хармаалж байхтай нь таарч санаа зовохдоо хурдхан гарч билээ. Дараа нь: хүний итгэл эвдээд муухай шдээ, чамайг гэхгүй монголчууд л гэнэ шүүдээ гэхэд эмээ нэмж бичсэн тул хариугаа авч байна гэж хэнэг ч үгүй байхад нь хэлэх үг олдоогүй дээ надад. Эмээ тэр явдлыг мэдээгүй ч би өөрөө хулгай хийгээд баригдчихсан юм шиг санаа зовдог байсан. Хүний итгэл даахгүй байх муухай л даа. Тэр хөгшин бидэнд итгэдэг. Гэр лүүгээ ярьсан уу? Хоолоо идсэн үү? Гэрээ санаж байна уу? гээд л санаа их тавинаа. Ажлаа сайн хийгээд мөнгө их хураагаад сайн гэр худалдаж аваад гэртээ хурдхан харьж сайхан амьдар гэнэ. Гэр бүлтэйгээ хамтдаа байхыг илүүд үзнэ. Со нар ажил мөнгө яриад их хөдөлмөрч хүмүүс. Эрчүүд нь бараг гэрийн бараа харахгүй эмэгтэйчүүд тэр зовлонг сайн ойлгодог болоод л захиж байсан байх. Мөнгөө бүү үр. Хүнд бүү зээлүүл гээд л захих. Аргагүй л өлсөж зовж, их хөдөлмөрлөж улсаа хөгжүүлсэн, мөнгөний үнэ цэнийг мэддэг ард түмэн юм даа. Юм үзэж атаа ч зан нь бараг арилжээ гэж боддог юм. Хууль бус гэж нүд үзүүрлэж байгаа хүн таараагүй шүү бидэнд. Манай Батмөнх макколи л шартуулдаггүй юм гээд оройдоо нэгийг ууна. Манайхаар бол бараашиг л даа. Со нар өөрсдөө ч дуртай айраг нь л гэсэн үг. Нэг орой Батбаяр Батмөнхтэй хамт шартахгүй гэхдээ макколигаар дагнаж. Өглөө нь үйлдвэрийн цонхоор толгойгоо унжуулчихсан бөөлжиж байхаар бие нь яаж байна гэж асуувал/Оог, Оог/ Баагий макколи шартуулдаггүй л гээд байсан худлаа л юм байна шдээ гээд гомдолтой нь аргагүй нулимсаа арчиж байж билээ.
Tuesday, July 27, 2010
Хардлага
Би хорооныхоо хэсгийн төв орчихоод буцаж явсан юм. Замд нилээд ядарсан байрын өвгөн тэргэн дээр тавьсан усаа чирсээр зүтгэж явахтай таарч туслалгүй хажуугаар өнгөрч төвдсөнгүй чиг таарч байгаагийнх хүргэж өгье гэж хэлээд авах гэтэл тэргээ тавихгүй гайхаад хараад байлаа. Яалтай нь билээ хүн итгэхгүй байхад. Орхиод явдаг юм билүү гэснээ таныг дөхүүлээд өгье гэвэл /хүргэж өгөхөө болиод/ итгэл муухан ч гэлээ тамир нь дутаад байгаадаа захирагдав бололтой дуртай дургүй жолоогоо шилжүүллээ шүү. Тэрэгтэй ус нь чадал муутайд бол хүнд ажээ. Ядаж байхад сав нь том. Өвгөн дуугүй дагаад л, анзаарч ажаад л, дараа нь яах гэж байгаа бол гэж түгшээд итгэж чадахгүй шаналж яваа бололтой. Өвгөд хөгшидтэй болохоор жаахан ч гэсэн тус болох гэсэн биш энэ нийгмийн шинж энэ өвгөнд ийм айхавтар хүнд туссан гэдгийг ухаараагүй явжээ би. Өвгөний гэр ч уг нь холгүй юм билээ л. Хашааных нь хаалганд хүргэж өгөөд цааш явлаа. /Гэрт нь оруулж өгье гэвэл илүү их шаналах байх/Өвгөн дараа юу ч болж мэднэ гэсэн янзтай сайн тогтоож харж авч байгаа бололтой баярлалаа ч үгүй хараад л байсан. Цааш явж байгаад сонирхон эргэж харвал өвгөн усаа хаалгаараа оруулах гэж мачийж байгаа харагдсан. Тусламж хэрэгтэй ч баярлаж чадахгүй хардаад байгаа нь өрөвдмөөр. Тэр өвгөний ч буруу биш байх л даа.
Sunday, July 25, 2010
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг
Friday, July 23, 2010
Оюу-Толгой
Оюу-Толгой хэмээх энэ бяцхан бор толгойг монгол хүн бүү хэл дэлхий мэддэг болсон гэхэд хилсдэхгүй байх. Яасан ч гоё эрдэнийн нэртэй толгойв дээ харахад энэ толгой даанч жижигхэн. Эрт үеэс л нэр нь эрдэнэ агуулсан сайхан энэ толгой маш их баялагийг агуулж бидний үеийг хүрч иржээ. Нутгийнхан нь хад чулуунд нь ногоон хөгц дааварласан энэ чулууны нэрээр нь бэлэгдэж оюу толгой гэж нэрлэж. Гэхдээ энд зэс эрдэнэ ч юмуу оюу байгаа эсэхийг мэдээгүй ч бэлэгшээгээд л нэрлэсэн нь ухаантай зөнтэй ард түмний минь амны хишигтэйнх. Энд байгаа их эрдэнэсийг ашиглахын тулд их бүтээн байгуулалт хийгдэж байгаа, цаашид уурхай ил, далдаар ашиглах гээд том төсөл хэрэгжинэ. Бэлэгт сайхан нэрээрээ дэлхийн танил болсон энэ жижигхэн бор толгой зураг, түүх болж үлдээд газрын хөрснөөс арчигдан тэгшлэгдэнэ гэж бодоход гунигтай. Эх орны хишиг гэнэ үү эрдэнийн хувь гэнэ үү бид бас хувааж идэх болох нь.
хармаг
Говийн ганц жимс хармаг элбэг ургадаг жил нь энэ жил бололтой. Товцог хэмээх бутанд ургадаг эл жимсэнд дургүй амьтан хүн говьд нэгээхэн ч үгүй байх. Говьд хоол хүнс, эмчилгээнд хэрэглэдэг гоёо, цулхир, хөмүүл, таана гэхчлэн цөөн хэдэн ургамал байдаг. Өөр ч бий л дээ би бүгдийг нь мэдэхгүй болохоор нэрлэсэнгүй. хармагийг бол харин мэдэх юм. Говийн амьтад хармаг жимс элбэг ургасан намар энд тэндгүй хармагны үрээр баасан байхыг харсан учраас үнэг хярс, элээ шувуу гээд бүгд л дуртай юм байна гэж боддог.
Subscribe to:
Posts (Atom)