Powered By Blogger

Wednesday, April 17, 2013

Алдаа мандтугай



Хань минь урьд нэгэнтээ ингэж бичиж байхад нь алга ташин дэмжээгүйч бас эсэргүүцэн эгдүүцээгүй өнгөрч билээ. Учир нь түүний минь зөв.
 Дээлэндээ багтахгүй сагасан авъяас билэг, эрдэм чадалтан монголд маань олон. Тэд биднийл адил алдаж онож асаж унтарч явдаг. Түүхэнд ч олон сайхан хүмүүс амьд ахуйдаа галзуу солиотойгоороо дуудуулан хавчигдан гундаж явсан байдаг юм.  Чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш манай олны танил хүмүүсийн ааш аяг, ажил амьдрал нь чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийн борлуулалтанд нөлөөлөхүйц чухал сэдэв болон ил болов. Бид ч их сонирхоно. Сайн сайхан байдалд нь бахархан даган дуурайх ба элдэв алдаанд нь гутаран үзэн ядна. Арга ч үгүйдээ бид чинь тэднийг сайн сайхан бүхний загвар болгон харж эрч хүч үлгэр дууриал авч, магтаж бас алдаршуулж байдгийн хувьд алдахад нь өөрөө алдсан мэт гутардаг юм. Олны танилч гэсэн тэд чинь бас биднийл ижил хүний хувь заяанд төрсөн учир алддаг энддэг юм байх ёстойг бид хэзээч хүлээн зөвшөөрч байгаагүй нь тэднийг их зовоодог байх. Тэд авъяас билгээрээ гайхуулаад зогсохгүй этгээд сонин ааш аягаараач алмайруулж орхидогт нь бид хайртайгаа ухаардаггүй. Хийх бүтээхээ хэнээр заалгахгүй, бас өөрийнхөөрөө байж амьдарсаныхаа төлөө зарим нь галзуу солиотойгоороо дуудуулан адлагдаж байгаа нь тэр. Бид тэдний хийж бүтээхийг нь дэмжээд байгаа юм шиг хэрнээ хөөрлөө сагалаа гэж элдэв нэр хоч өгч гутааж дарах гэж ихэд мачийж атаархнаа бас. Тэдний зарим нь дарагдах биш ирлэгдэн адарч байсан нь байхад зарим нь урмаар дутан гундаж гудамжинд атаархагчидын бахыг ханган ядарч явсан байдаг. Олны танил болсноор хувь хүнээ байгаад ард түмний өмч  болдог энэ тэр гэсэн хөөрхөн мэхтэй тайлбараар  бид их шүүнээ бас. Нэг талаас бодвол үнэн ч, нөгөө талаас бодвол тэд хувь хүн учир алдах эрхтэй. Тэдний маань алдаж онон дуулиан шуугиан тарьсан тэсрэлт бидэнд шинэ эрч хүч сургамж болж олон зүйлийг ойлгуулсан энерги болж цацарч байдагт л бид сэрж сэтгэж амьдардаг байх. Бид шударга тайван нийгмийг хүсдэг. Үүнийг хүсдэггүй хүн байхгүй байх. Би ч бас тайван сайхан элбэг хангалуун амьдрах юм бол аз жаргал тэр шүү дээ гэхчлэн боддог. Гэтэл хүн бүр сахилгатай хууль журмыг дагаж мөрддөг шударга эелдэг болж, биднийг амьд байлгаж ирлэж байдаг өнөө хэдэн гажууд маань үгүй болчихвол биднийг юу сэрээж сэргээж амьд байлгах юм бэ гэх бодол орж ирээд байдаг боллоо. Дагваа аварга японы үндэсний бөхийн дэвжээг нь эзэгнэж ахуйдаа баарны эзнийг нь цохиж аархаагүй бол эх оронч сэтгэлийг минь бадран оргилуулах ч байсан юмуу үгүй ч юмуу. Тэд маань биднийг сэрээж алдаж байг. Алдаа мандтугай.