Powered By Blogger

Monday, April 25, 2011

Нөхөртөө зориулсан хайр

Олон хүн орж үйлчлүүлдэг хоолны газрын аяга таваг угаагч бүсгүй Гэрэлд ажлаас өөрийг бодох зав бага ч тэрээр гэрт үлдээсэн хоёр хүүгээ яаж байгаа бол гэх эх хүний сэтгэлийн зовинол, орой харихад угтах архичин нөхрийнх нь хатуу авир бодогдоод тайван бус. Тэрээр өөрөө эдэлж чадаагүй эцэг хүний хайрыг эр нөхрөөсөө эдлэн жаргах хөнгөн цайлган мөрөөдлөөр эрийн дээд гэж сонгон ханилж хоёр хөөрхөн хүүгийн эцэг эх болон аз жаргалдаа умбаж байсан үе саяхан. Гэтэл арваад жил ханилсан эр нөхөр нь сүүлийн үед ажил ч хийхгүй, архи их уух болж зан ааш нь эвдрэн, хүүхэн шуухантай орооцолдон,элдвээр хэлэн агсамнан зовоох болсон юм. Нөхөртөө эрүүлд нь хэлэхээр би чамдаа хайртай дахиж хэзээ ч тэгэхгүй энэ архийг дахиж уухгүй энэ тэр гэхлээр нь эмэгтэй хүний ууч сэтгэлээр итгэж хоёр хүүгээ бодоод уучилдаг байлаа. Нөхөр нь ч эрүүл байвал хоёр хүүгээ хараад хоол унд хийгээд ард санаа зоволтгүй ажил хийлгээд байдаг байсан юм. Гэтэл нөхөр нь дахиад уухаар барахгүй, бүр гар хүрдэг болж ааш нь улам харгис хэрцгийгээр хувирч хамгийн сүүлчийн удаа гарыг нь гэмтээж хэд хоног ажлаа хийж чадахгүйд хүргэжээ. Тэр хэрээр тэдний амьдрал уруудаж.Энэ тухайгаа ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ нуусаар ийм байдалд хүрсэн юм. Хэлэх гэхээр улам их дарамтанд орох байх гэж айгаад бүр ч хэлж чадахаа байв. Яаж энэ байдлаасаа гарахаа мэдэхгүй хий л зовж шаналсан амьтан. Хамт ажилладаг хүмүүстээ муугаа үзүүлж байгаа юм шиг санагдан бас хэлсэнгүйд, тэд түүний амьдралыг мэдэхгүй болохоор амьдралдаа арчаагүй дорой амьтан гээд үл тооцгооно. Гэрлээ уг нь ээждээ эрхлэн юугаарч дутахгүй өссөн ч аав нь ээжээс нь бага байхад нь салаад явсан тул эцгийн хайраар дутаж өссөн юм. Эцгээ хайрлах байсан тэр агуу их хайраараа эр нөхрөө хайрлан юунд ч хүргэлгүй халамжилж энэ л хүний төлөө төрсөн мэт хамаг л нандин бүхнээ зориулсандаа өөртөө болон нөхөртөө гомдоно. Тэрээр, та л намайг дэргэд минь байж хайрлан эр хүний нандин чанарыг таниулсан бол би юунд ингэж эр нөхрөө эвдэн өөртөө зовлон удах билээ гэсэн гашуун бодол орж ирэхүй надаар хайрлуулж, намайг хайрлаагүй аавдаа давхар гомдол тээвч хүрээд ирэх байх гэж хүлээсээр...

Хань минь

Нартад бидэн хоёрыг учруулсан тэр хавар
Надад чи л байхад болоо гэж хань минь хэлсэн
Намайг хайрласан их хайрынх нь үр жимс
Нартаас буцсан ч миний үргэлжлэл...


Wednesday, April 20, 2011

Дөрвөн улирал

Хавар: Эртдээ хэдий тарчиг ч наашилж яваа цаг болохоор юм бүхэн төлжиж байгаа нь сэтгэл нялхруулна. Анхны хайр, анхны болзоонд догдолж байсан шигээ айсуй жаргалтайн дэлгэр зундаа яаранхан...


Зун: Хүн мал амьтны хамаг зовлонгоо мартан зоогоо тэнийлгаж байг гэж бурхнаас заяасан зургаа юм шиг жаргадаг гуравхан сар. Наран жаргаж гэгээ тасархад үүр цайдаг жаргалтайн дэлгэр ардын баяр жаргал минь. Намрын сар ойртоход хоргодон хоргодон богинохныг анзааранхан...


Намар: Алтаар бялхан, алтаар өнгөлөгдсөн арвин баян ч, цаг цаашилж яваа нь хөнгөхөн гуниг төрүүлэх нь уйтай. Хамаг бүхэн хагдарч сарын адгаар өвлийн жавар ороход сэтгэл түвширч жавхаажинхан...


Өвөл: Тас няс хийх жаврыг уясаам идрийн жавхаагаа бадраасан залуусыг харахад цоглог. Байгаль дэлхий цас мөсөн хуягаа нөмрөн тачигнаж хариуцлага шалган уур савсууланхан...