Powered By Blogger

Saturday, May 7, 2011

Гамбит

Шатарт уг нэрийг ямар утгаар хэлдэг вэ гэвэл хүү, бод сул хаяж өгөн урхинд оруулж мадлахыг хэлдэг. Харин амьдрал дээр уг аргатай төстэй мэх хэрэглэдэг хүн байх аж. Яасан бэ гэж үү? Манай бааз олон эрчүүдтэйн нэг нь Цогтоо хэмээх даруухан бор залуу. Эхнэр хоёр хүүхэдтэй. Гэрийн хүн нь хүүхдээ хараад гэртээ байх сайхан цайтай авгай байдгийн. Зан сайтай айлд хүн болгон цугладаг болохоор бид ч бас хааяа орж цай ууцгаадаг байлаа. Цогтоо нас ойролцоо Лхагваа гэгч залуутай үй зайгүй найзууд. Нэг дор ажилладаг болоод ч тэрүү байнга хамт. Лхагваа нь гэрлэж амжаагүй ч хүүхдэд их сайн, найзынхаараа орж гаран хоёр хүүхдийг нь эрхлүүлэн хувцас хунар чихэр жимс авч өгөн үеийн юм шиг л ноцолдож байх. Хүүхдүүд ч ирмэгц л ноолон ах гээд сүйд. Хүүхэд л болсон хойно цалин буусан өдөр юу авчирч өгөх бол гээд Лхагваагийн бөөн хүлээлт. Цалингаа хэмнэж гамнаж нарийлахгүй зарцуулах юмандаа л зарж буй мэт өглөгч бурхан. Баазынхан: Лхагваа танайд л байна уу? гэхэд Цогтоо сайн найзынхаа тусад талархаж итгээд хир халдаахгүй магтана. Лхагваа ч орж гарсаар бараг тэдний хүн болсон юм. Эхнэр нь ч ялгалгүй хувцас хунарыг нь угаадаад хийсэн хоолноосоо ч хувь тавьчихна. Нэг гэр бүлийнхэн шиг байсан тэднийд нэг л өдөр үүлгүй тэнгэрээс аянга буух шиг юм болов. Хоёр хүүхдийнх нь эх авааль эхнэрийг нь Лхагваа дагуулаад талийж одсон байвой. Үнэгүй юм байхгүй гэдэг төлөөс нь энэ үү? Цогтоо ажлаа хийх үү, хүүхдээ харах уу амьдрал тарамдаад ацан шалаанд мад.

Булган сүүлт гайхал

Манай Амраа гэж нэг хэлсэн ярьснаараа дандаа онигоонд ордог хүн байх. Банкны теллерийн оочерт мань хүний ард нь зогсож байсан хоёр хүүхэн, нөгөө теллерийн дараалал арай богино санагдсан юм байлгүй тийшээ шилжиж зогсоход, араас нь Өө!!! та хоёр хэрэггүйдээ энэ тал нь хурдан явна ах нь булган сүүлтэй шдээ гэж маазархад, хамт ажилладаг нэг нь, хэ хэ чи сүүлээ сольчихсон юмуу гэвэл гэнэт ухаарсан гайхал, дуугүй байгаач гэж ёвроод царай нь хачин болов. Яасан гэхээр мань хүний хоч нь чоно юм. Тэгээд л сүүлээ булгаар сольсон намтраар баяжив аа хөөрхий. Тэр хоёр хүүхнээс түрүүлж теллер хүрэх нь хүрсэн л дээ сүүлнээс нь болсон уу яасан арынх нь хүмүүс баярлаж харагдсан...