Powered By Blogger
Showing posts with label амьдрал. Show all posts
Showing posts with label амьдрал. Show all posts

Friday, June 10, 2011

Ахын хар морь

Тээр жил манайх аймгийн төвөөс өртөө хэрийн газар, баруун хонгорын өндөр довны ард зусч байлаа. Нуур ногоо халгисан зуншлага сайтай тэр жил хонгорын хоёр тойром нуурлаж халиад нийлчихсэн цэлэлзэж говийн бидэндээ л далай шиг. Ер нь манай нутаг хур бороо элбэгтэй жил ус тогтон нуурлаад түмэн амьтан ундаалан чуулж байдаг Холбоо,Хөтөл, Хар тойром,Хөх толгойн хөвөө, Гашууны хоолой, Хөлгүү нуур, Сүмийн булаг, Хаалгын булаг гэхчлэн олон сайхан булаг шанд, тойром, хөвөө, тогтоолтойл доо. Айлууд хот хотоороо нуураа тойроод буучихсан, малаа нуурын тал талаас оруулж, усанд орж гарч байгаа адуу үхэр тэмээ, бог мал, сүрэг сүргээрээ тааваараа налайн, шувууд дэгдээхэй юугаан дагуулан ганганалдан чуулж, амьдрал буцалсан жаргалтайн дэлгэр говийн минь зун. Томоогүйхэн бага насны минь их хүсэл мөрөөдлийн жигүүрийг өдлөөж өгсөнсөн. Нуурын цаадтайх Нямаа гуайнх гүүгээ барьсан тул тэднийх рүү явж байгаа хүн машин олон хөлхөж харагдана. Хэн мордоод хэнийх рүү явж байгаа нь, ямар мал эргүүлж явааг нь нүд сайтай залуус нь хараад мэддэг бол хөгшид дурандахад алган дээрх шиг ил. Өдөр нь саах зөрүүлж оройн нь ялган нийлүүлж, саалийн их ажил нугарч үдэш болоход айл саахалтын ах эгч нарын учралын болзоо зуны уянгатай шөнийн одод дор уусан шивнэлдэж, бидний үеийн хэдэн банди нар нийлж тоглон шуугилдан хажуу айлын Одмааг шоглон зүггүйтэж зүггүйтэж тардагсан. Одмаа ч бидэнд гомдохгүй уйлуулаад явуулсан байтал, гуниггүй сайхан инээмсэглэлээрээ шагнасаар хүрээд л ирдэгсэн. Ах минь намайг тоож, нууцаа хэлж хадгалуулсан нь надад ч бахархалтай. Саахалтын айлд маань хотоос амралтаараа ирсэн эгч надад их сайн, бас сайхан аальтай, юугаа ч нуудаггүй сайхан сэтгэлтэй болохоор ахын минь хайрыг татахаас ч яахав./тэр эгч 2дах жилдээ хөдөө амарч байгаа  тул сайн танилууд/ Миний ах ч сайхан хүн. Надад л хайртай юм шиг намайг л их хайрладаг тэр эгч ахад минь л их хайртай байсан нь тэр байх. Ахыг эзгүйд намайг л ханьчилдаг нь үгүйлж хүлээж жаргадаг байсных биз. Их борооны дараа манай говийнхоны гол гэж нэрлэдэг сайртай хоолой жинхэнэ гол нэрээ харуулж их үер болно гээч.



Ахын маань боож авсан ээжийнх манайтай ойрхон зуссан тэр жил ахад минь жижигхэн хар морь өгсөн нь чөдрийн хэдээс илүүгүй манайд том бэлэг болсон юм. Бид ч хөл хөнгөн, явдал зөөлөнд нь унах дуртай байцгаалаа.



Ээж минь ахын эзгүй нэг өдөр, миний хүү төв орж будаа гурил жаал юм авч ирэх үү гэж байна. Би ч дуртай нь аргагүй тэгье гэвэл, толгойг минь илж миний хүү болгоомжтой яваарай гээд хэдхэн бор юмаа юу юу авахыг минь хэлж хуваарилж өгөөд айлын эр хүн болж байгаа надад арван төгрөгний эрх олгон мордуулж билээ. Би аймаг орохын хүслэн, ахын хар мориор явах болсондоо бүр ч урамтай. Аав маань биднийг яагаад орхисоны нарийн учрыг мэдэхгүй ч ээж минь гэрт орж эм, гадаа гарч эр болж байж биднийг өсгөсөн юм. Тэрсхэн өссөн ах бид хоёр ээждээ найдвар нь, бахархал нь байсан байхдаа одоо бодоход. Хойдын бараа харуулж бидэнд шингээх хайраа хугаслаагүй ээжээсээ бид эцгээ нэхэж өрийг нь өмлөөгүй. Сургуулийн амралтаараа гэртээ ирж хурга ишиг мал хуйгаа хариулж ижийдээ тусалж жаал гарыг нь амраагаад буцдагсан. Ах минь айлын том нь болохоор тэмээ мал гээд холын бэлчээрт гардаг малын хойноос яваад өдөржин эзгүй байх нь энүүхэнд. Говийн ургамлын аагтайг хэлэх үү, зуны аагим халуун, ялаатай нийлээд тэвчээр муутай ямаа, тэвчээртэй тэмээ хүртэл байж тогтохгүй салхидан алга болох нь адтай. Салхидсан тэмээ ойр тогтохгүй. Аймаг явах энэ үүргийг ах минь биелүүлдэг байсан ч хэдэн тэмээний араас яваад завдаагүйнх. Энэ үе таарч ээж анх удаа надад даалгаж явуулж байгаа нь надад ч эрхгүй үүрэг хуваагдан ирж байгааг мэдрүүлж өгсөн юм. Аймгийн төвд ойрд ирээгүй болохоор сонихон, хүүхдүүд бужигнаж харагдахгүй эл хуль оргиод нам жим. Сургууль амарсан болохоор хүүхдүүд амралт зуслан, хөдөө гадаа явцгаасан бололтой. Амралтаараа хаана яаж амарсан юу хийсэн,үзсэн харсан, олон сайхан дурсамжаа хуваалцах гэж яарнаа бас. Хичээл эхлэхээс өмнө бүртгүүлэх гэж ганц нэгээрээ тааралдах боловч хичээл эхлэх өдөр шуугилданхан цуглах нь баярын өдөр шиг гоё шүү. Ээжийнхээ ганзагалуулсан жаал сүү цагаан идээг өвөө эмээдээ өгчихөөд дэлгүүр орж авах юмаа цуглууллаа. Тэгж байтал нар баруунаа тонгойж сүүдэр уртсаад оройтох нь эргээд гэр лүүгээ яаравчлав. Аймгийн төвөөс гарвал удалгүй нар ч жаргав. Харанхуй нөмрөхөөс өмнө газар дөхөх гэж нилээд эрчтэй хатирууллаа. Морио шавдуулж явж үлийд цөмөрч унах вий, замд болгоомжтой яваарай, юмаа хаяж гээв гэсэн ээжийн захиас, миний айдас хоёр болгоомжлоход хүргэж татаж явав. Дэргүүлж явтал бүрэнхий өтгөрч зузаараад, газрын баримжаа талаасаа жаахан өнгөрч яваа бололтой харанхуйтай золгов. Намайг төөрчих вий гээд газарчилж байгаа юм шиг анивчсан олон оддын дунд долоон бурхан байдаг л байрандаа буй нь хаа ч хүрсэн аймааргүй юм шиг. Харанхуйтай золгоод нилээд явлаа. Миний баримжаагаар гэр дөхсөн байх ёстой ч зөрж төөрч орхив. Ойрхон байгаадаа гэх бодол жаахан тайвшруулж байсан ч аягүйцэж байна. Дуу аялж явсан би гэрээ олохгүй бол гэсэн айдас төрөөд дуу ч гарахаа байв. Чимээ имээгүй хээр талд зүг чигээ алдах эвгүй юм гээч. Чимээ чагналаа таг чиг. Тэнгэр лүү харвал одод намайг ичэглэн шоолох шиг жарвалзан анивчаад олон гэж. Аягүйцэж айхаас гадна бас эр хүн болохоор айлын охиноос ичэж буй болтой. Чимээгүйхэн олоод оччих санаатай миний явах гэсэн зүг рүү хар морь минь нэг л дурамжхан, амаа булаан эргэх гээд байна. Хаашаа л харна жихүүцэм түнэр харанхуй. Жаахан айдастай ч морь минь их ханьтай санагдаж байна. Хашгирвал айдаст автсан миний дуу ямар гарах байсан болдоо лав л миний дуунаас өөр дуу гарах байсан байх. Миний чиглүүлсэн зүгрүү хэд алхаад л жолоо суллахаар чигээ өөрчлөөд, бүр тэс хөндлөн явчих гээд байгаач юм шиг. Аргагүйдсэн би мориндоо даатган, өөрийнх нь явах гэж эргэсэн зүгээс нь татгалзсангүйд дуртай нь аргагүй аваад давхичихлаа шүү. Гэр маань ч холгүй байсан юм билээ л. Би л зүгээ алдаж хазайсаныг морь минь засах гээд эргээд байж. Удсан ч үгүй нохой хуцах сонсдоход айдсын хүлээснээс салган гэрийн минь барааг харуулж ээж бид хоёрыг баярлуулж билээ. Ээж минь оройтсон надад санаа зовоо биз гаднаа намайг тосоод зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдсаар... Гэрээ ижийгээ хараад айсан жихүүдсээ сэгсрэн хаяж их хэрэг бүтээсэн хүн ижийнхээ санааг амраасaн нь хар морины минь ач байсан. Ижийгээ санах минь нэмэгдсээр л... тэрхэн үед ээж минь надаар бахархангуй өө миний хүү хүрээд ирлээ ш дээ яасан оройтоов гэж билээ. Эх хүний сэтгэл гэдэг агуу...Би тайван дүр эсгэж байсан ч хар мориндоо маш их баярлаж билээ. Ээждээ том хүн болсноо харуулах гэж төөрснөө тэрхэн үедээ хэлж чадалгүй нэрэлхэж билээ. Дараа нь хэлсээн би. Ижийн минь санааг амрааж намайг мэнд авчирсан хар морио түүнээс хойш улам их хайрладаг болж билээ. Морь ухаантай бас төөрдөггүй амьтан шүү. Ижийгээ санахаар хар морио бас санадаг юм.

Saturday, May 7, 2011

Гамбит

Шатарт уг нэрийг ямар утгаар хэлдэг вэ гэвэл хүү, бод сул хаяж өгөн урхинд оруулж мадлахыг хэлдэг. Харин амьдрал дээр уг аргатай төстэй мэх хэрэглэдэг хүн байх аж. Яасан бэ гэж үү? Манай бааз олон эрчүүдтэйн нэг нь Цогтоо хэмээх даруухан бор залуу. Эхнэр хоёр хүүхэдтэй. Гэрийн хүн нь хүүхдээ хараад гэртээ байх сайхан цайтай авгай байдгийн. Зан сайтай айлд хүн болгон цугладаг болохоор бид ч бас хааяа орж цай ууцгаадаг байлаа. Цогтоо нас ойролцоо Лхагваа гэгч залуутай үй зайгүй найзууд. Нэг дор ажилладаг болоод ч тэрүү байнга хамт. Лхагваа нь гэрлэж амжаагүй ч хүүхдэд их сайн, найзынхаараа орж гаран хоёр хүүхдийг нь эрхлүүлэн хувцас хунар чихэр жимс авч өгөн үеийн юм шиг л ноцолдож байх. Хүүхдүүд ч ирмэгц л ноолон ах гээд сүйд. Хүүхэд л болсон хойно цалин буусан өдөр юу авчирч өгөх бол гээд Лхагваагийн бөөн хүлээлт. Цалингаа хэмнэж гамнаж нарийлахгүй зарцуулах юмандаа л зарж буй мэт өглөгч бурхан. Баазынхан: Лхагваа танайд л байна уу? гэхэд Цогтоо сайн найзынхаа тусад талархаж итгээд хир халдаахгүй магтана. Лхагваа ч орж гарсаар бараг тэдний хүн болсон юм. Эхнэр нь ч ялгалгүй хувцас хунарыг нь угаадаад хийсэн хоолноосоо ч хувь тавьчихна. Нэг гэр бүлийнхэн шиг байсан тэднийд нэг л өдөр үүлгүй тэнгэрээс аянга буух шиг юм болов. Хоёр хүүхдийнх нь эх авааль эхнэрийг нь Лхагваа дагуулаад талийж одсон байвой. Үнэгүй юм байхгүй гэдэг төлөөс нь энэ үү? Цогтоо ажлаа хийх үү, хүүхдээ харах уу амьдрал тарамдаад ацан шалаанд мад.

Saturday, March 12, 2011

Цуу яриа

Төмөр замын төв буудалд вагоноос буугаад явж байтал нэг хүн сайн уу? гэлээ. Харвал юу гэх нь вэ гэсэн гайхсан царайтай залуу цагийн анд Тагаа маань зогсож байна. Хөөе чи сайн уу? ямар сонин хүн бэ гээд л би сүйд болсноор тэр эргэлзээгээ тайлж байгаа бололтой ёох тийм байхаа мөн шиг байсан юм гэж ирээд л гайхав. Би тийм өөр болчихож уу?чи намайг таньж чадахгүй эргэлзээд байгаа юмуу гэж намайг гайхвал, тэр жаахан тулгамдсанаа нэг сонин юм ярьж билээ. Би чамайг хэдэн жилийн өмнө өнгөрсөн гэж дуулсан болохоор л хачин юмдаа мөн үү биш үү гээд дагаад байлаа шүү гэхэд л би сая ойлгож юу? гэж дуу алдав. Надад ч бас их сонин санагдсан шүү. Хүнийг үхүүлж ч, сэхүүлж ч мэдэх цуу яриа гэж...

Monday, March 7, 2011

Эмэгтэйчүүдээ дэмжие

Монголынхоо мянга мянган эхчүүд эмэгтэйчүүддээ эрхээ хамгаалах баярын өдрийнх нь баярын мэндийг хүргэе. 
Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмжиж манай нийгмийн үнэт, сайн сайхан бүхнийг устгаж байдаг архи согтууруулах ундааг бага хэрэглэн үлгэрлэж сайхан баярлаарай гэж хүсэх байна. 
Манай эмэгтэйчүүд эрх чөлөөгөөр нээх хязгаарлагдмал биш ч гэлээ эрхээ хамгаалж бодлогоо нэгтгэх өдөртэй болсон нь баяр юм. Тэгш эрхээ ч ярьж, бас эрхээ эдлэх өдөртэй болсны баяраа ч тэмдэглэх нь зүй ёсны учир утгатай билээ.  
Эмэгтэйчүүд хүчтэй болж төрийн жолоог атгаж эхэлсэн цагт эрчүүд нь илүү хүчирхэг болох тал бас бий.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа нь урт үстэй ухаан богинотойдоо биш байх л даа. Эрэгтэй улс төрчид давамгайлсан энэ парламент л эднийг дэмжин бодлогоор квот тогтоож, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэхгүй бол тэд үнэнээр /шудрагаар/ өрсөлддөг тул хэзээ ч хор найруулж гарч ирж чадахгүй. Урьд нь сонгогдсон цөөн эмэгтэйчүүд хувийн гэхээсээ илүүтэй улс төрийн аль нэг нам хүчний рейтингийн фонноор л гарч ирж байгаа нь гишүүн болсон эмэгтэй гишүүдийн байдлаас харж болохоор байгаа билээ. 
Эрчүүдтэй ана мана үзэх боловсролтой эмэгтэйчүүд байгаа ч улс төрийн хариуцлагатай хүчиний гишүүн гэсэн фонн хийхгүй бол гарч ирэх найдвар тун бага. Ард түмний дунд хувийн өндөр рейтингтэй эмэгтэй улс төрч бараг байхгүйтээ адил байна. Манай ард түмний энэ сэтгэлгээ өөрчлөгдтөл хүлээнэ гэвэл улс орны бодлого хөгжлийн бэрхшээлтэй хэвээрээ байх болно гэсэн үг. Тийм учраас эмэгтэйчүүдээ дэмжиж хувь тогтоох аргаар төлөөллийг нь нэмэгдүүлэх чухал. Манай эмэгтэйчүүд шударга тул багийн тоглолт гэдэг хуйдалдаанд оролцохгүйгээр улс орны бодлогод нөлөөлж зөв болгоход хувь нэмрээ оруулж чадна. Эх орондоо хайртай хүн бүр дараа жилийн сонгуульд эмэгтэйчүүдээ дэмжин гаргаж хөгжлийнхөө бодлогыг зөв болгон гараанаас гарахгүй бол ямарч барианд орж мэдэх хувь заяа хүлээж байгаа нь тааварлашгүй юм. Нэг талын мэдрэмжээр нэг талыг барьсан эрчүүд давамгай гаргадаг дампуу бодлого шийдвэрээ одоо л залруулахгүй бол олигархи хүчээ авч баян ядуугийн ялгаа улам холдож, төр самуурч, ард түмэн ядуу байгааг ашиглан төрийг нь тогтворгүй, хар хайрцагны бодлогогүй байлгах сонирхол бүхий явцуу бүлэг, улс төрийн тогтворгүй байдал бий болгохыг санаархагч дотны болон гадны хүчин ард түмний сэтгэл зүйгээр тоглон турхирч хүчээ авч байгаа нь хүн бүрийн сэтгэл түгшихгүй байхын аргагүй болж, ийм аюул ойрхон болжээ гэх бодол сэтгэл эмзэглүүлэх боллоо.

Friday, February 25, 2011

Хувь тавилан ба аз

Манай ангийнхан дотроос гэрлэж амжаагүйл яваа хоёр сайхан гар байдгийн. Хүний л амьдрал юм болохоор бид завдахгүй явсаар хааяа уулзахад та нар үр төл сайтай өнөр өтгөн сайхан амьдарч байгаа хүмүүс намайг яаж ойлгох вэ завгүй л гэцгээдэг гээд л үг хаях. Тухайн үед нь чамд хань олдоно, хүүхэдтэй ч болох нас байна энд тэнд юу яагаад мартаж санасан юм байхгүй юү гэж наргихад байхгүй л гэдэг байв. Бидэнд ч тэр бүр уулзаад сатааруулаад байх зав хаа байхав ёстой яалтай билээ нэг юм бодооч гээд л өнгөрдөг байв. Харин саяхан нэг нь Бага Нуур яваад хүүхэдтэйгээ уулзаж хамт зургаа татуулаад ирсэн нь тун их гайхшруулав. Сонирхвол 10 гаруй жилийн өмнө нэгэн бүсгүйтэй учир ургуулаад өнгөрсөн юмсанж. Мань хоёрыг илчлэх гэсэн шиг эцгээ хувилсан охин мэндэлснийг эх нь тухайн үедээ хэлээгүй гэнэ. Бүсгүй хүний бүрэг зангаараа энээ тэрээ гэж хөөцөлдөж хэл ам гаргалгүй хэрдээ л их ачааг үүрч ганцаар өсгөхдөө эх нь зөндөө л бодоо биз. Жил ирэх тусам өсөж томрох охиндоо эцгийг нь мэдүүлмээр байгаагаа найз нартаа ярьсан нь тус болсон хэрэг. Энэ нь ч зөв байж. Хүний хүүхэд аав гээд ярихад хүүхдэд ч хэцүү л байсан байж таараа. Манай хүн ч яахав алдаа нь аз авчирч оройтсонч эцэг хүний жаргалд умбасан амьтан, хүн хүнд зургийг нь үзүүлж шинжүүлүүлээд л. Адилхан юмаа гэвэл царай нь гэрэлтэж баярлаад л хэдэн хувьтай байна гээл маазарч байгаа нь хангалуун сэтгэлтэй байгаагийнх болтой. 

Хүүхдийнх нь эхийн найз нар нь тааралдаад чи тэр хүүхдээ харж хандахад яадгийн, чиний хүүхэд шдээ энэ тэр гэж мэдээлж зэмлэж. Эхэндээ эргэлзэж гайхсан ч хармаар санагдаад болохгүй тул сураглан явж очсон нь энэ гэнэ. Элдэв паянгүй цэвэрхэн гоонь маань үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ. Хэргээ хүлээхийг улайна гэдэг, даврахыг цагаандаа гарах ба цайна ч гэдэг билүү баримт үлдээсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрөхөөс яахав. 

Нөгөө нэг сайхан гар нь бас нэг хүнтэй учраад нэлээд хугацааг хамтдаа өнгөрүүлж байгаа аж. Тэр нь бас хөл хүнд болчлоо гэж байна гэнэ. За ашгүй чи чаджээ гээд баяр хүргэвэл минийх мөн болов уу? гэж мангартаж байна. Хэ хэ чи хамт амьдарч байгаа хүнээ хөл хүнд боллоо гэхэд итгэхгүй байгаа юмуу гэвэл үгүй хачин юмдаа гээд их гайхаж байгаа нь юу ч мэдэхгүй гэнэн хүүхэд шиг их хөөрхөн байнаа. Гараад ирэхээр нь өөрийгөө толинд харсан юм шиг л болох байх даа. 

Хүсэл бүр хясал дагуулдаг бол, хясал бүрийг давж хүсэл биелдэг ажгуу. Хоёр найздаа азжаргал хүсэе.

Saturday, January 1, 2011

Шинэ жил

Шинэ он. Амьдралын минь бас нэгэн шинэ хуудас. Өнгөрч байгаа бүхнийг цаг хугацааны дэнсэн дээр тавьж боддог болчих юм. Сайхан жил гарч байна даа. Сайхан ч жил өнгөрч. Шинэ жил нас хүйс,шашин шүтлэг,ёс заншилд баригдаад байдаггүй их эрч хүч өгч сэтгэл тэнийлгэдэг сайхан баяр шүү. Би их дуртай. Оны сүүлчийн оройн цаг, минут хорогдон хорогдон цохилсоор тэглэн, хүсэл мөрөөдөл бүхэн минь биелэгдэх шинэ оны хонх цохих тэр баярт мөчид хүслийн хязгааргүйг илтгэх мэт хүсэл мөрөөдлийг минь тээсэн өнгө өнгийн гэрэл тэнгэр зүсэн цацарч баярын жавхаа нэмэхэд оргилуун дарс буудуулан болорт жүнзэлж аз жаргалыг ерөөн тулгахуй бид насыг нэмсэн байна. Оны сүүлчийн орой Санж дарга хэдэн хөгшчүүл цуглана чи ирээч хэдэн гамбир ав гэж наргиж байна./Шатар тоглож хожихоо гамбир өгнө гэх/ Би ч уриалгахан нь аргагүй очлоо.Ийм сайхан хүмүүстэй хуучин оноо үдэж шинэ оноо угтах болсон нь надад сайхан. Манай хэдэн ахмад нэлээд юм бэлдчихсэн сууцгааж байнаа. Үзэж туулсан сайхан амьдрал, баялаг туршлагатай. Бас наргианч гэж жигтэйхэн хээгүй хэд. Ёстой л хор нь гарсан ланжгарууд. Онигоо болон болсон,туулсан хөгтэй явдлуудаа ярьж идэж ууж инээлдэцгээж суулаа. Олон газар явж юм үзэж нүд тайлсан энэ буурлуудын яриа шал өөр ертөнц юмаа.Хөгшчүүд л гээд байгаа болохоос хэл боловсрол туршлага чадвар нь далай л даа. Орчлон ертөнцийн үүсэл гарлаас эхлээд эрдэс баялаг,амьтан ургамал усны нөөцийн гээд мэдэхгүй юмгүй. ОТ Төслийн нөөцийн тухай монголчууд яриад л байгаа ч энэ хүмүүсийн хийснийг уншиж сонсчихоод мэдэмхийрээд байгаа хэрэг шүү дээ. Учраа мэдэхгүй хүүхдүүд сургуулийн ширээнээс мултарч ирсэн даруйдаа энэ хүмүүсийг хөдөөний өвгөд гэж андуураад үүрэг даалгавар өгч шалгаж заавардах гэж онигоо болдог. Хөдөө хөхөрч, гадаа гандаж хоцрогдсондоо гэж бодмоор. Гэтэл тэд чинь ШУ-ны хүрээлэнгүүдэд ажиллаж судлаад практик дээр одоо ажил бүтээл болгох гээд зөвлөх хийж байгаа хүмүүс шүү дээ. Өнгөөр дүгнэж болохгүй потенциал бий тэдэнд. Тэр сайхан хүмүүсийн нутаг, эх орноо гэсэн дотоод сэтгэлийн агуу мэдрэмжийг сонсож суухдаа би гэдэг хүн аль нутгийнх юу хийсэн гээд ярих юм даан чамлалттай байлаа. Тэгж байтал он солигдох мөч тулж ирлээ. Бид ч бэлэн. Цагийн зүү уруудсаар оны сүүлчийн хонх, шинэ оны анхны хонх цохилох тэр агшинд зориулсан дарсаа бариад бослоо. Гадаа хүмүүс тоолж эхлэх цууриан чимээтэй бид ч хамт тоолж эхлэв. Гурав,хоёр, нэг гэрт гадаагүй баярын салют, дарс тачигнан оргилж тэнгэрт галын наадам, гэр дарсны оргилоон тоссон жүнзний жингэнээн сайхан бүхний хүслийн цагаан энергийн давалгаан хүн бүхний сэтгэлийг огшоосон аз жаргалын дээдийн ерөөлтэй агшин. Багтаж ядсан баярын уур амьсгал. Хэсэг байж ярьж бид ч тайвширч сайхан жил гарлаа гэж ерөөн бие биедээ аз жаргал амжилт хүсээд амрахаар тарлаа. Өглөө нь амралтын өдөр тул аажуухан босов. Уул тал цасан хучлагаа нөмрөөд юу ч болоогүй мэт дүнсийнэ.

Sunday, December 5, 2010

Нутгаа санасан сэтгэл


Хүний амьдрал богино цаг хугацаа хурдан. Хийж бүтээж гавиагүй ч нутагтаа очиж амжилгүй нилээд удчихаж. Санах юмаа нутгаа. Шандын вокзал дээр буух мөч бүхэн дотно сайхан шүү. Хэдэн жилийн өмнө хальт очиход минь баян хуур хөгжим эгшиглээд, буух суух зорчигсодыг угтаж үдэж байна уу даа гэлтэй уянгатай байж билээ. Яаруу явсан би эмээдээ үнсүүлээд буцаж ирвэл бужигнасан олны дунд/манжуурын вальс/эгшиглээд их үйлсэд хүмүүсийг үдэж мордуулж байх шиг. Сонирхож үзвэл биднийг сургуульд байхад автобус жолоодоод ар, өвөр шандын хооронд гялалзаж явсан Шаймий ах минь/нэр нь хэн билээ/ нилээд халамцуу авъасаа үзүүлж өгч байна. Хүн хүний өмнүүр бүжиглэж эргээд л, хөгжмөө гайхмаар тоглох юм. Ганц нэг хүн мөнгө өгч байхыг харлаа. Энэ хүний амьдрал нь ийм болоо юу даа... Авъяас нь л энэ хүний амьдралыг залгуулж, архинд нэмэрлэх задгай мөнгөөр ч үнэлэгдэж байх шиг. Үнэлмээр л гоё тоглож байсан даа. Одоо байхгүй гэнэ билээ./ум маани бад мэ хум/ Харамсаж байна. Вокзалд сонирхож орвол зүс харсан ч танимхайрч ирэх хүнгүйдэн ганцаардас хийж байсан намайг Паашка хэмээх ухаан мэдрэл тааруутай гэж бодож явсан нэгэн таньж байна гэж сүрхий нэрээр минь дуудаад хөөе сайн уу? Хэзээ ирсэн гэх нь нутаг минь намайг үгүйлэн дутаж байсанч юм шиг элгэмсэх сэтгэл төрж билээ.Гэтэл тэр золиг гэнэт ундааны мөнгө өгчих гэх нь  тэр. Гэнэт тулгамдаад, өө бас бариа хийх нь гэх шүү юм бодогдоод, юун мөнгө гээд ширүүн харвал толгойгоо маажис гээд инээгээд явчиж билээ. Олоон жилийн дараа намайг харсан хэн нэгэн таньж байсанч эргэлзэх гайхах, тулгамдахын дундуур таниагүйн дүр эсгэж байхад намайг мартаагүйгээ, бас харамлахгүй эрээлэхгүй байх гэх найдлага нь өөрчлөгдөөгүй нь хүүхэд залуу насны минь цагаахан тэнэг анд Паашка л байсан байх. Давруулж болохгүй гэсэндээ тэр дорхноо ассан омголон тэнэг зан минь одоо намайг шаналгасаар л. Тэр үед юунд муухай загнав. Өгчихсөн бол өртэй юм шиг юунд харамсаж явах билээ дээ. Хүмүүсээс нэрлэхсэн байхаа би. Тэдэнд 100 төгрөг өгөхөд л их баярлах байсан даа. Миний нутаг их хөлийн газар, том хот болсон байна билээ. Аж үйлдвэрийн парк болно гээд ажиллах хүчнийг нь бэлтгэх сургах их үйлсэд миний ангийн хүүхэд багшлан зүтгэж байгаа нь бахархалтай. Миний нутгийн ирээдүй гэрэл гэгээтэйг сонсоход их хутагтын минь зөгнөж хэлсэн далай сайншанд алсдаа их хот болно гэж зөгнөж ерөөсөнтэй нь таарч байгаа нь билэгшээлтэй...