Powered By Blogger

Saturday, December 1, 2012

Шинэ орон сууц

Манайх шинэ байранд захиалга өгөөд жил шахам хүлээж байж саяхан орсон юм. Хүсэхэд хясана гэгчээр барилгын компани  товлосон хугацаандаа дуусна гэж байдаггүй юм байна. Удахгүй орчихно гээд аяны байдалд орчихсон бид удаан хүлээж нэлээд зутарч чирэгдсэн ч ус зөөх, түлээ нүүрс, үнс тоос гээд гэр хорооллын олон асуудал хөнгөвчлөгдөн амьдралд маань өөрчлөлт ороод бөөн баяраа.  Айл гэрийн аз жаргалтай байхын үндэс нь тохилог орон сууц мөнөөсөө мөн билээ. Бидний үл хөдлөх хөрөнгөтэй болох, орчин үеийн тохилог орон сууцанд амьдрах чин хүсэл биелж байгаа юм чинь баярлалгүй яахав. Байрныхаа түлхүүрийг аваад нүүх болсон чинь манай эхнэрийн үзэмжээр хэрэглэж байсан  тавилгууд маань гологдов. Шинэ байранд шинэ тавилга тавихгүй бол гутаана гэнэ. Би ч бас байраа хүндлээд эхнэрээ дэмжив. Тэгээд яахав хувцас хунар ойр зуурын хэрэглэдэг юмнуудаа хэдэн цаасан хайрцаганд хийгээд л авсаархан  нүүгээд орчихлоо.  Яг л шинэ оюутнууд өрөө хөлслөөд амьдралаа эхэлж байгаа шиг цаасан хайрцагтай хогшилоо буландаа хураачихаад сэтгэл ханамжтай гэж жигтэйхэн дутуу гучуугаа ч анзаарсан юмгүй аз жаргалтайгаар гудас дэвсгэр шалан дээр дэлгээд унтацгааж байгаа.
Сайхан тохижуулахад мөнгөнөөс хамааралтай цаг хугацаа хэрэгтэй болтой. Хэдийгээр шинэ байр боловч хөшиг тогтоогчоос эхлээд хадаж өрөмдөж тогтоох тохижолтын ажил мундахгүй,  тэр бүгдийг хийх нь мэдээж эр хүн миний үүрэг тул хийх арга хайх боллоо.
Хайж ядаад ч байх юмгүй байрны маань орцны үүдэнд төрөл бүрийн ажил хийх зар  наачихсан байна. Харвал тагт битүүлэх, төрөл бүрийн тавилга түргэн шуурхай захиалгаар хийж угсрах, хана тааз өрөмдөж эд зүйл тогтоох, интернет, кабел гээд л яг бидний хэрэгцээг бичээд наачихаж. Ашиглалтанд орж байгаа орон сууцны байруудад орох айлд юу хэрэгтэйг тэд сайн мэддэг ажээ. Мөнгө олж архи уух гэсэн хувь хүмүүсээс гадна мэргэшсэн хүмүүс, бригад ч байдаг болж. Мөнгө л байвал үйлчилгээ ойрхон болсон нь таатай.
Нэгэн зарын дугаар луу нь залгаад хөшиг тогтоогч тогтоолгох гэсэн юм гэвэл, би танай байранд ажиллаж байна  дуусаад очъё, ахаа өөр хүн битгий дуудаарай гэж байна.
Алдчих вий гэж яарч байгааг нь хэ хэ хэ.
Төд удалгүй хаалга тогшиход нээж өгвөл архи сэнгэнүүлсэн хоёр залуу хайрцагтай ханын өрөм барьчихсан орж ирж хоёр хөшиг тогтоогч өрөмдөж тогтоож өгөв. Гэм нь жаахан дэвсгэртэй орж ирсэн дуудлагынхан маань хамаа намаагүй яаран сандран хайр найргүй л тачигнуулчих гээд айлгаад байснаас өөр муу юм болоогүй ээ. Санаанд таартал цэвэрхэн хийгээгүй ч гэсэн хөшигөө хийгээд харвал овоо айл шиг болчихож байнаа манайх.  Хамжиж олж, хувааж уух хүсэлдээ хөтлөгдсөн хоёр халамцуу нөхөр маань ажлын хөлсөө авч баярлалаа дахиад юм гарвал над руу л хэлчиж байгаарай гээд манайхыг өмчлөөд л гарав. Тэд ид хорхойсож эхэлж байгаа үедээ тул олсон хэдээрээ нэг юм авах гээл яарсан хүмүүс л гарч одох шиг болсон. Тэр ч яахав.
Нэг нь халтуур хийж мөнгө олох, нөгөө нь тохижож байгаа хоёрын ашиг сонирхол нийлж хэн хэний маань хэрэгцээ биелж байгаагаас хойш яах вэ дээ.
Ер нь манай байрны хана хөнгөн блокоор дүүргэлттэй бололтой. Би барьж байхад нь ирж хараагүй болохоор мэдэхгүй л дээ. Анх ороход гал тогооны угаалтуургүй өгдөг юм билээ. Түүнийг авч тогтоохоор өрөмдөхөд өнгөнийхөө шаварыг л нэвтэрвэл өрөмний гол пүрхийгээд л орчих тул юм тогтооход хэцүү байсан.
Би хэдэн жилийн өмнө барилгын чанарын тухай бодлоо тэмдэглэн эмзэглэж байсан маань санаанд бууж байв. 
Харин би, хотынхоо агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж хорт утаа үйлдвэрлэхээ байсандаа сэтгэл хангалуун байгаа. Утаанбаатараа хоггүй цэвэрхэн, цэнгэг агаартай дэлхийн хамгийн цэвэр сайхан Улаанбаатар хот болгох юмсан. Дэлхийн түгшүүртэй улсуудын дэргэд манайх тайван сайхан амьдарч байгаа ч тохиолог сайхан амьдарч чадаж байгаа билүү бидний монголчууд. Сэтгэл хангалуун сайхан амьдарч байгаа ард түмэнг дэлхий хараад баярлана даа. Улс орон маань хөгжиж байна. Тэр хэрээр манайх өөдөлж яваа айл шүү.

No comments:

Post a Comment