Шатарт уг нэрийг ямар утгаар хэлдэг вэ гэвэл хүү, бод сул хаяж өгөн урхинд оруулж мадлахыг хэлдэг. Харин амьдрал дээр уг аргатай төстэй мэх хэрэглэдэг хүн байх аж. Яасан бэ гэж үү? Манай бааз олон эрчүүдтэйн нэг нь Цогтоо хэмээх даруухан бор залуу. Эхнэр хоёр хүүхэдтэй. Гэрийн хүн нь хүүхдээ хараад гэртээ байх сайхан цайтай авгай байдгийн. Зан сайтай айлд хүн болгон цугладаг болохоор бид ч бас хааяа орж цай ууцгаадаг байлаа. Цогтоо нас ойролцоо Лхагваа гэгч залуутай үй зайгүй найзууд. Нэг дор ажилладаг болоод ч тэрүү байнга хамт. Лхагваа нь гэрлэж амжаагүй ч хүүхдэд их сайн, найзынхаараа орж гаран хоёр хүүхдийг нь эрхлүүлэн хувцас хунар чихэр жимс авч өгөн үеийн юм шиг л ноцолдож байх. Хүүхдүүд ч ирмэгц л ноолон ах гээд сүйд. Хүүхэд л болсон хойно цалин буусан өдөр юу авчирч өгөх бол гээд Лхагваагийн бөөн хүлээлт. Цалингаа хэмнэж гамнаж нарийлахгүй зарцуулах юмандаа л зарж буй мэт өглөгч бурхан. Баазынхан: Лхагваа танайд л байна уу? гэхэд Цогтоо сайн найзынхаа тусад талархаж итгээд хир халдаахгүй магтана. Лхагваа ч орж гарсаар бараг тэдний хүн болсон юм. Эхнэр нь ч ялгалгүй хувцас хунарыг нь угаадаад хийсэн хоолноосоо ч хувь тавьчихна. Нэг гэр бүлийнхэн шиг байсан тэднийд нэг л өдөр үүлгүй тэнгэрээс аянга буух шиг юм болов. Хоёр хүүхдийнх нь эх авааль эхнэрийг нь Лхагваа дагуулаад талийж одсон байвой. Үнэгүй юм байхгүй гэдэг төлөөс нь энэ үү? Цогтоо ажлаа хийх үү, хүүхдээ харах уу амьдрал тарамдаад ацан шалаанд мад.
No comments:
Post a Comment