Powered By Blogger

Friday, June 10, 2011

Ахын хар морь

Тээр жил манайх аймгийн төвөөс өртөө хэрийн газар, баруун хонгорын өндөр довны ард зусч байлаа. Нуур ногоо халгисан зуншлага сайтай тэр жил хонгорын хоёр тойром нуурлаж халиад нийлчихсэн цэлэлзэж говийн бидэндээ л далай шиг. Ер нь манай нутаг хур бороо элбэгтэй жил ус тогтон нуурлаад түмэн амьтан ундаалан чуулж байдаг Холбоо,Хөтөл, Хар тойром,Хөх толгойн хөвөө, Гашууны хоолой, Хөлгүү нуур, Сүмийн булаг, Хаалгын булаг гэхчлэн олон сайхан булаг шанд, тойром, хөвөө, тогтоолтойл доо. Айлууд хот хотоороо нуураа тойроод буучихсан, малаа нуурын тал талаас оруулж, усанд орж гарч байгаа адуу үхэр тэмээ, бог мал, сүрэг сүргээрээ тааваараа налайн, шувууд дэгдээхэй юугаан дагуулан ганганалдан чуулж, амьдрал буцалсан жаргалтайн дэлгэр говийн минь зун. Томоогүйхэн бага насны минь их хүсэл мөрөөдлийн жигүүрийг өдлөөж өгсөнсөн. Нуурын цаадтайх Нямаа гуайнх гүүгээ барьсан тул тэднийх рүү явж байгаа хүн машин олон хөлхөж харагдана. Хэн мордоод хэнийх рүү явж байгаа нь, ямар мал эргүүлж явааг нь нүд сайтай залуус нь хараад мэддэг бол хөгшид дурандахад алган дээрх шиг ил. Өдөр нь саах зөрүүлж оройн нь ялган нийлүүлж, саалийн их ажил нугарч үдэш болоход айл саахалтын ах эгч нарын учралын болзоо зуны уянгатай шөнийн одод дор уусан шивнэлдэж, бидний үеийн хэдэн банди нар нийлж тоглон шуугилдан хажуу айлын Одмааг шоглон зүггүйтэж зүггүйтэж тардагсан. Одмаа ч бидэнд гомдохгүй уйлуулаад явуулсан байтал, гуниггүй сайхан инээмсэглэлээрээ шагнасаар хүрээд л ирдэгсэн. Ах минь намайг тоож, нууцаа хэлж хадгалуулсан нь надад ч бахархалтай. Саахалтын айлд маань хотоос амралтаараа ирсэн эгч надад их сайн, бас сайхан аальтай, юугаа ч нуудаггүй сайхан сэтгэлтэй болохоор ахын минь хайрыг татахаас ч яахав./тэр эгч 2дах жилдээ хөдөө амарч байгаа  тул сайн танилууд/ Миний ах ч сайхан хүн. Надад л хайртай юм шиг намайг л их хайрладаг тэр эгч ахад минь л их хайртай байсан нь тэр байх. Ахыг эзгүйд намайг л ханьчилдаг нь үгүйлж хүлээж жаргадаг байсных биз. Их борооны дараа манай говийнхоны гол гэж нэрлэдэг сайртай хоолой жинхэнэ гол нэрээ харуулж их үер болно гээч.



Ахын маань боож авсан ээжийнх манайтай ойрхон зуссан тэр жил ахад минь жижигхэн хар морь өгсөн нь чөдрийн хэдээс илүүгүй манайд том бэлэг болсон юм. Бид ч хөл хөнгөн, явдал зөөлөнд нь унах дуртай байцгаалаа.



Ээж минь ахын эзгүй нэг өдөр, миний хүү төв орж будаа гурил жаал юм авч ирэх үү гэж байна. Би ч дуртай нь аргагүй тэгье гэвэл, толгойг минь илж миний хүү болгоомжтой яваарай гээд хэдхэн бор юмаа юу юу авахыг минь хэлж хуваарилж өгөөд айлын эр хүн болж байгаа надад арван төгрөгний эрх олгон мордуулж билээ. Би аймаг орохын хүслэн, ахын хар мориор явах болсондоо бүр ч урамтай. Аав маань биднийг яагаад орхисоны нарийн учрыг мэдэхгүй ч ээж минь гэрт орж эм, гадаа гарч эр болж байж биднийг өсгөсөн юм. Тэрсхэн өссөн ах бид хоёр ээждээ найдвар нь, бахархал нь байсан байхдаа одоо бодоход. Хойдын бараа харуулж бидэнд шингээх хайраа хугаслаагүй ээжээсээ бид эцгээ нэхэж өрийг нь өмлөөгүй. Сургуулийн амралтаараа гэртээ ирж хурга ишиг мал хуйгаа хариулж ижийдээ тусалж жаал гарыг нь амраагаад буцдагсан. Ах минь айлын том нь болохоор тэмээ мал гээд холын бэлчээрт гардаг малын хойноос яваад өдөржин эзгүй байх нь энүүхэнд. Говийн ургамлын аагтайг хэлэх үү, зуны аагим халуун, ялаатай нийлээд тэвчээр муутай ямаа, тэвчээртэй тэмээ хүртэл байж тогтохгүй салхидан алга болох нь адтай. Салхидсан тэмээ ойр тогтохгүй. Аймаг явах энэ үүргийг ах минь биелүүлдэг байсан ч хэдэн тэмээний араас яваад завдаагүйнх. Энэ үе таарч ээж анх удаа надад даалгаж явуулж байгаа нь надад ч эрхгүй үүрэг хуваагдан ирж байгааг мэдрүүлж өгсөн юм. Аймгийн төвд ойрд ирээгүй болохоор сонихон, хүүхдүүд бужигнаж харагдахгүй эл хуль оргиод нам жим. Сургууль амарсан болохоор хүүхдүүд амралт зуслан, хөдөө гадаа явцгаасан бололтой. Амралтаараа хаана яаж амарсан юу хийсэн,үзсэн харсан, олон сайхан дурсамжаа хуваалцах гэж яарнаа бас. Хичээл эхлэхээс өмнө бүртгүүлэх гэж ганц нэгээрээ тааралдах боловч хичээл эхлэх өдөр шуугилданхан цуглах нь баярын өдөр шиг гоё шүү. Ээжийнхээ ганзагалуулсан жаал сүү цагаан идээг өвөө эмээдээ өгчихөөд дэлгүүр орж авах юмаа цуглууллаа. Тэгж байтал нар баруунаа тонгойж сүүдэр уртсаад оройтох нь эргээд гэр лүүгээ яаравчлав. Аймгийн төвөөс гарвал удалгүй нар ч жаргав. Харанхуй нөмрөхөөс өмнө газар дөхөх гэж нилээд эрчтэй хатирууллаа. Морио шавдуулж явж үлийд цөмөрч унах вий, замд болгоомжтой яваарай, юмаа хаяж гээв гэсэн ээжийн захиас, миний айдас хоёр болгоомжлоход хүргэж татаж явав. Дэргүүлж явтал бүрэнхий өтгөрч зузаараад, газрын баримжаа талаасаа жаахан өнгөрч яваа бололтой харанхуйтай золгов. Намайг төөрчих вий гээд газарчилж байгаа юм шиг анивчсан олон оддын дунд долоон бурхан байдаг л байрандаа буй нь хаа ч хүрсэн аймааргүй юм шиг. Харанхуйтай золгоод нилээд явлаа. Миний баримжаагаар гэр дөхсөн байх ёстой ч зөрж төөрч орхив. Ойрхон байгаадаа гэх бодол жаахан тайвшруулж байсан ч аягүйцэж байна. Дуу аялж явсан би гэрээ олохгүй бол гэсэн айдас төрөөд дуу ч гарахаа байв. Чимээ имээгүй хээр талд зүг чигээ алдах эвгүй юм гээч. Чимээ чагналаа таг чиг. Тэнгэр лүү харвал одод намайг ичэглэн шоолох шиг жарвалзан анивчаад олон гэж. Аягүйцэж айхаас гадна бас эр хүн болохоор айлын охиноос ичэж буй болтой. Чимээгүйхэн олоод оччих санаатай миний явах гэсэн зүг рүү хар морь минь нэг л дурамжхан, амаа булаан эргэх гээд байна. Хаашаа л харна жихүүцэм түнэр харанхуй. Жаахан айдастай ч морь минь их ханьтай санагдаж байна. Хашгирвал айдаст автсан миний дуу ямар гарах байсан болдоо лав л миний дуунаас өөр дуу гарах байсан байх. Миний чиглүүлсэн зүгрүү хэд алхаад л жолоо суллахаар чигээ өөрчлөөд, бүр тэс хөндлөн явчих гээд байгаач юм шиг. Аргагүйдсэн би мориндоо даатган, өөрийнх нь явах гэж эргэсэн зүгээс нь татгалзсангүйд дуртай нь аргагүй аваад давхичихлаа шүү. Гэр маань ч холгүй байсан юм билээ л. Би л зүгээ алдаж хазайсаныг морь минь засах гээд эргээд байж. Удсан ч үгүй нохой хуцах сонсдоход айдсын хүлээснээс салган гэрийн минь барааг харуулж ээж бид хоёрыг баярлуулж билээ. Ээж минь оройтсон надад санаа зовоо биз гаднаа намайг тосоод зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдсаар... Гэрээ ижийгээ хараад айсан жихүүдсээ сэгсрэн хаяж их хэрэг бүтээсэн хүн ижийнхээ санааг амраасaн нь хар морины минь ач байсан. Ижийгээ санах минь нэмэгдсээр л... тэрхэн үед ээж минь надаар бахархангуй өө миний хүү хүрээд ирлээ ш дээ яасан оройтоов гэж билээ. Эх хүний сэтгэл гэдэг агуу...Би тайван дүр эсгэж байсан ч хар мориндоо маш их баярлаж билээ. Ээждээ том хүн болсноо харуулах гэж төөрснөө тэрхэн үедээ хэлж чадалгүй нэрэлхэж билээ. Дараа нь хэлсээн би. Ижийн минь санааг амрааж намайг мэнд авчирсан хар морио түүнээс хойш улам их хайрладаг болж билээ. Морь ухаантай бас төөрдөггүй амьтан шүү. Ижийгээ санахаар хар морио бас санадаг юм.

No comments:

Post a Comment