Powered By Blogger

Tuesday, July 27, 2010

Макколи

1990-д оны дундуур манайхан ид гадагш явж чөлөөт нийгмийн амьдралтай танилцаж байсан үед бидний хэдэн нөхөд Солонгос улсад ажиллаж амьдарч, энэ ч гайхамшигтай юм, тэр ч гоё гэж дуу алдан гайхаж нүд тайлж байж билээ. Хүний гараар бүтээгдсэн гайхамшиг гэж бас байдаг аж. Солонгосын хөгжилд оруулж буй хувь нэмэрээ монголдоо оруулсан бол гэж боддог л юм. Сайн дураараа их шулуулсан даа бид. Хамт ажиллаж байсан хэд маань нутаг гэр орон хань ижил үр хүүхдээ их сананаа. Би ч бас. Гэхдээ надаас ялгаатай нь тэд архиар жаахан сатаарах. Манай ажил Со-чууддаа өглөө 8-с оройн 18 хүртэл боловч бид бараг орой болгон илүү цагаар ажиллах тул их ядарна. Манай эзэн бидэнд найруулдаг кофе, сүү, сахар өгдөг байв. Анх өгөхөд нь нэг хөгтэй явдал болж билээ. Бид бүгд л кофег анх хэрэглээ болгож үзэж байсан байх, ихээр ууж болдоггүй гэдгийг сайн мэдэхгүй байсныг бодоход. Найруулаад уусан Батбаяр гоё юмаа, яг шоколад шиг л гэж байна. Бид ч бас уулаа. Өөрийн мөнгөөр аваагүй юманд гамгүй хандаж хоол иддэг том аягаараа айраг ууж байгаа юм шиг л ууцгаасан даа. Тэр шөнөө бид бараг унтаж чадаагүйгээр барахгүй Батбаяр маань зүрх нь дэлсээд их л сандаргаж билээ. Бие сэргээж ажлын идэвх, бүтээмж нэмэгдэж л байвал эзэн маань их юм хийлгэж ашиг олох болохоор мэгжүү, сөөжүү, макколи, кофе, бакус гар таталгүй авч өгдөгийг хожим ойлгосон доо. Бид ажил дуусангуут ойрхон байдаг эмээгийн дэлгүүр зээлээр юм өгдөг тул асуудалгүй очих. Эмээ ч сайхан зантай юу авсныг нь дэвтэрт бичиж хар данс хөтлөөд цалингаас нь авчихдаг болохоор дуртай нь аргагүй өгнө. Манай хэд сард зээлээ 50000 воноос хэтрүүлэхгүй гэж байв ч халуураад дандаа л хэтрүүлэх. Тэгээд л эмээг нэмж бичлээ гэж хардана. Эмээ ч мунгинахгүй л бол нэмэхгүй дээ. Харин ч шударга шүү. Тооцоо хийсэний дараа тамхи татдагт нь тамхи гэхчилэн орлого орууллаа гэж урамшуулж байдагсан. Даваадорж төлсөн мөнгөндөө харамсаж хоргодохдоо эмээгийн нүдийг хариулж байгаад тамхи нууцаар хармаалж байхтай нь таарч санаа зовохдоо хурдхан гарч билээ. Дараа нь: хүний итгэл эвдээд муухай шдээ, чамайг гэхгүй монголчууд л гэнэ шүүдээ гэхэд эмээ нэмж бичсэн тул хариугаа авч байна гэж хэнэг ч үгүй байхад нь хэлэх үг олдоогүй дээ надад. Эмээ тэр явдлыг мэдээгүй ч би өөрөө хулгай хийгээд баригдчихсан юм шиг санаа зовдог байсан. Хүний итгэл даахгүй байх муухай л даа. Тэр хөгшин бидэнд итгэдэг. Гэр лүүгээ ярьсан уу? Хоолоо идсэн үү? Гэрээ санаж байна уу? гээд л санаа их тавинаа. Ажлаа сайн хийгээд мөнгө их хураагаад сайн гэр худалдаж аваад гэртээ хурдхан харьж сайхан амьдар гэнэ. Гэр бүлтэйгээ хамтдаа байхыг илүүд үзнэ. Со нар ажил мөнгө яриад их хөдөлмөрч хүмүүс. Эрчүүд нь бараг гэрийн бараа харахгүй эмэгтэйчүүд тэр зовлонг сайн ойлгодог болоод л захиж байсан байх. Мөнгөө бүү үр. Хүнд бүү зээлүүл гээд л захих. Аргагүй л өлсөж зовж, их хөдөлмөрлөж улсаа хөгжүүлсэн, мөнгөний үнэ цэнийг мэддэг ард түмэн юм даа. Юм үзэж атаа ч зан нь бараг арилжээ гэж боддог юм. Хууль бус гэж нүд үзүүрлэж байгаа хүн таараагүй шүү бидэнд. Манай Батмөнх макколи л шартуулдаггүй юм гээд оройдоо нэгийг ууна. Манайхаар бол бараашиг л даа. Со нар өөрсдөө ч дуртай айраг нь л гэсэн үг. Нэг орой Батбаяр Батмөнхтэй хамт шартахгүй гэхдээ макколигаар дагнаж. Өглөө нь үйлдвэрийн цонхоор толгойгоо унжуулчихсан бөөлжиж байхаар бие нь яаж байна гэж асуувал/Оог, Оог/ Баагий макколи шартуулдаггүй л гээд байсан худлаа л юм байна шдээ гээд гомдолтой нь аргагүй нулимсаа арчиж байж билээ.

Хардлага

Би хорооныхоо хэсгийн төв орчихоод буцаж явсан юм. Замд нилээд ядарсан байрын өвгөн тэргэн дээр тавьсан усаа чирсээр зүтгэж явахтай таарч туслалгүй хажуугаар өнгөрч төвдсөнгүй чиг таарч байгаагийнх хүргэж өгье гэж хэлээд авах гэтэл тэргээ тавихгүй гайхаад хараад байлаа. Яалтай нь билээ хүн итгэхгүй байхад. Орхиод явдаг юм билүү гэснээ таныг дөхүүлээд өгье гэвэл /хүргэж өгөхөө болиод/ итгэл муухан ч гэлээ тамир нь дутаад байгаадаа захирагдав бололтой дуртай дургүй жолоогоо шилжүүллээ шүү. Тэрэгтэй ус нь чадал муутайд бол хүнд ажээ. Ядаж байхад сав нь том. Өвгөн дуугүй дагаад л, анзаарч ажаад л, дараа нь яах гэж байгаа бол гэж түгшээд итгэж чадахгүй шаналж яваа бололтой. Өвгөд хөгшидтэй болохоор жаахан ч гэсэн тус болох гэсэн биш энэ нийгмийн шинж энэ өвгөнд ийм айхавтар хүнд туссан гэдгийг ухаараагүй явжээ би. Өвгөний гэр ч уг нь холгүй юм билээ л. Хашааных нь хаалганд хүргэж өгөөд цааш явлаа. /Гэрт нь оруулж өгье гэвэл илүү их шаналах байх/Өвгөн дараа юу ч болж мэднэ гэсэн янзтай сайн тогтоож харж авч байгаа бололтой баярлалаа ч үгүй хараад л байсан. Цааш явж байгаад сонирхон эргэж харвал өвгөн усаа хаалгаараа оруулах гэж мачийж байгаа харагдсан. Тусламж хэрэгтэй ч баярлаж чадахгүй хардаад байгаа нь өрөвдмөөр. Тэр өвгөний ч буруу биш байх л даа.

Sunday, July 25, 2010

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг

Бид хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гээд л хааяа мөрөөддөг. Энэ дуу ч нэгийг бодогдуулдаг. Даанч харамсалтай нь хүүхэд насандаа эргэн очиж алдаагаа засаж шинээр, бас ухаантай эхлэх боломжийг энэ хорвоо олгоогүй. Хүмүүст олддоггүй тэр боломж харин өнгөрсөн зун бидэнд ангийн найз Г.Сэрээнэндоржийн минь ачаар тохиож бага насныхаа дурсамжаараа цалгиж шаагиж шуугиж хоёр хоносон юм. Бид уулзах зар авсанаар ажил төрлөө зохицуулж 8-р сарын 7-ны орой цуглаж 20 цагийн галт тэргээр сайншандыг зорин хөдлөв. Ангийн багш О.Дашням болон ангийн нөхдөө 30 жилийн дараа харж байгаа хүн ч байв. Багш минь анууханаараа бараг биднээс ялгарах оворгүй. Бидний багын байдал, зан төрхийг мартаагүйгээр үл барам олон сайхан дурсамжийг минь сэргээн ярьж аргагүй л олон хүүхэдтэй ажиллан түүртэж үзээгүй саруул ухаантайгаа мэдрүүлж биднийг баярлуулав. Багш минь эрүүл энх урт удаан наслаарай. Таньдаа муу шавь нь маш их хайртай. Хүүхэд насны минь гэнэн, хөгтэй, инээдтэй, гашуун дурсамжууд гэгээлэг байжээ. Замдаа бид Чойр, Шивээ-Говиос  хүмүүсээ тосч авав. Бидний хөөрсөн сэтгэлийн шуугианд орж ирсэн хэд маань түрлэг нэмэн эрчээ авч залуу халууныг нь магтан дурсамж түүх шаагилдсаар явтал 35-р зөрлөг өнгөрлөө гэцгээв. Энэ мэдээ яарсан сэтгэлийг минь хөвөлзүүлж орхив. Энд биднийг хүлээж буй бага нас минь татаад байгаа бололтой шандынхаа гэрлийн барааг олоод харчих гэж догдлон байн байн цонх руу өндөлзөх болов. Удсан ч үгүй шандын гэрэл харагдлаа. Шөнийн 4 цаг өнгөрч байхад хүрч вагоноо салгуулснаар хүүхэд насандаа дэрвээд ирэвэй бид. Ангийн нөхөддөө ирсэнээ дуулгавал баяр хөөр, дуу шуу тэврэлдээн болж баахан бужигнаж байж тайширцгаав. Шанд, Замын-Үүдэд байдаг хэд маань унаа, амралт, хоол, аялал мөргөл гээд сайхан зохицуулж бэлтгэжээ. Тэд маань хөтөлбөрөө танилцуулж байна. Өглөө нь бид сургуулиараа орж ангидаа сууж үзлээ. Сурагчид амарч байгаа болохоор эл хуль, засвар хийгээд ундуй сундуй. Сургууль минь өргөтгөсөн хэрнээ нээх том болоогүй юм шиг. Сургуулийнхаа үүдэнд багштайгаа зургаа татууллаа. Танктай хөшөөн дээрээ очиж ар өвөр шандаа багынхаа төсөөллөөр харьцуулж харж дурсацгаав. Хангай газар шиг нуур ногоо халгиж цалгисан сайхан зун болоогүй ч миний дурсамжаар шандын зун эгэлгүй сайхан байдагсан. Говьд бороо хур ховор буух тул намаршиж эхэлж. Аймгийн төв их өргөжижээ. Саран хөхөө театрыг шинэчлэх гээд ар талыг нь буулгачихаж. Олон шинэ барилга нэмэгдэж. Хөшөө рүү гардаг шат хийж тохижуулж бас жижигхэн мухлагт айраг зарж байв. Аймгийн овоо минь жижигхэн болчоо юу даа гэлтэй хот тэлж. Овооны гэж нэрлэгдсэн худгийн сахиул өвгөн байдаг байж билээ. Тэр өвөөг номтой мэргэн гэж хүмүүс нууцаар үзүүлж харуулахаар их цувдаг байсан даа. Хавар зуны заагийн дулаан тогтуун налайж эхэлмэгц овоон дээр хүүхэд, хөгшиж нарлаж хүмүүс бужигнаж эхэлдэгсэн. Бид билет унших нэрээр овоон дээр гарч унших нь багадаж бужигнах нь ихдээд л буцдаг байсан даа. Нэгэнт уншиж амжаагүйг яалтай билээ аз хайна аа, хэдэн номерийн билет ирэх нь вэ гэж өвөөгөөр мэргэлүүлнэ. Өвөөгийн хэлсэн төдөөс төд хүртэл гэснийг нь уншиж азаа үздэг байсан.Тэндээс бид энергийн төв, Хамрын хийдээр орж хийморь лундаагаа сэргээж уул усандаа сүсэглэн даатгахаар хөдлөв. Их хутагтын маань байгуулсан хийд бум бужигнасан буяны том төвөөрөө эргэж сэргээд сайхан болжээ. Хамрын хийдийн лам Энхжаргал ангиараа ирсэнийг билэгшээгээд олон туулайтай сайхан өдөр гэж бидэнд зориулж ном айлдаж даатгаж өгсөнд нутгийн минь энерги шингэж сэтгэл ариусаад сайхан гэж. Хүний унаган нутаг гэдэг хаанаа ч их энергитэй байдаг аж сэтгэл санаа сэргээд бага насны дурсамж хөвөрсөөр. Нутгийн минь эс ширхэг бүхэн танил дотно. Энергийн төв орж хийморио сэргээж Ханбаянзүрх хайрхандаа/хүслийн уул ч гэдэг/хүслээ хэлж даатгаад орой нь Зээгийн хөтөлийн энгэр дэх жуулчны баазад ирж бидний гол парти эхэллээ.Тэр шөнө бидэнд ядарч нойр нь хүрсэн хүн гарсангүй яг л дунд сургуульд байсан шигээ хөгжилдөж шуугилдаж хонож билээ. Хэн нь ямар хүүхэд байсан хэнд хайртай байсан захиа зөөсөн гээд миний мэдэхгүй зөндөө түүх хүүрнэгдсээр. Анхны хайрын захиагаа 5-р ангидаа өгчихөөд түүнээсээ ичээд 3 хоног хичээлдээ явж чадахгүй тасалж байсан дурсамжтай зүрх ч байв. Зүү орох зайгүй гэдэг шиг бие биенээ их санасан байсан шүү. Д.Туяа энэ уулзалтанд зориулж шинэ гитар авч ирсэн нь бидний үеийн дуу хөгжмийн гол стиль АББА, БОНИ М, СМОКИ гэх олон хамтлагуудын дууг дууриан дуулж шүтэж явсан дурсамж эрхгүй сэтгэлд бууж манай ангийнхан авъяаслаг шүү гэх бахархал төрж байв. Хэн хаана явж юу хийсэн хэдэн хүүхэдтэй болсон хэнтэй амьдарсан гээд бүх л амьдралаа ярьцгааж өнгөрүүлсэн хугацааны тайлангаа тавьж хөгжилдлөө. Янз бүрийн амьдралтай болжээ бид. Энэ уулзалтад ирж амжаагүй болон биднийгээ орхин одсон нөхдөө ч дурсан харамсаж байв. Манай Даваа /Ганхуяг/ хүн хүнийг миний хүү гэж үнсэн нулимс мэлмэрүүлсэн өвгөн болж. Яасан ч уяхан болоов дээ анд минь. Гэхдээ олоон жилийн өмнөх гэнэн цагаахан хөгжилтэй үеэ дурсахад өөрийн эрхгүй уярал дурсамжийг хүн бүрт авчирч байсан дөө. Өглөө нь хоол унд энэ тэр гэх хооронд хөвгүүд сагсан бөмбөг тоглож усан санд хэдийгээ шидэж хөгжилдөв. Хүүхэд насны гэнэхэн томоогүй зан хаа нэгтээ нь нуугдаж байгаад гэнэт алдуурч байгаа бололтой Эрдэнэбатын зүггүй хөдөлж охидыг усанд түлхсэнийхээ хариуд охидод дамжилагдан усанд шидүүлж даруулж нилээд сандран туслаарай гэж хашгирч бөөн инээдэм. Хоол ундаа идэж уугаад буцах болж үдээс хойш шандад ирж уулзах хүнтэй нь гадуур гарч бусад нь вагондоо үлдэв. Чогий, Нэргүй хоёр эзгүй байгаад хамт явж чадаагүй хоцорч ирсэн тул тэнд уулзаж дурсамжаа сэргээсэн байхаа. Би шандад ирсэн завшаанаа ашиглан эмээтэйгээ уулзахаар гарсан болохоор сүүлд сонссон. Вагон хөдлөхөөс өмнөхөн ирсэнд алга боллоо ирэхгүй удлаа гэцгээж би ч жаахан гэмшив. Намайг эзгүйд вагоны өмнө зургаа авхуулцгаасан нь гоё гарсан байна билээ. Сургуулийнхаа өмнө багштайгаа авхуулсан зургаа үзээд л баймаар дурсгал. Суудал хөдлөх болоход хүүхэд насаа үлдээгээд явах гэж байгаадаа хоргодон үлдэх хэдтэйгээ салах гэж их огшицгоосон доо бид. Уулзахдаа гэрэвшээд чийгтээгүй аньсага чийгтсэн байсныг суудал хөдөлхөд анзаарсан шүү. Би буцаж явахдаа ангийнхандаа маш их баярлаж сэтгэл хөдөлсөндөө миний найзын галт тэрэг биднийг хүүхэд насанд минь хүргэж өглөө тэр галт тэрэг байдаг юм байна гэж эрхгүй дуун алдаж билээ. Галт тэрэг хурдаа авлаа ...

Friday, July 23, 2010

Оюу-Толгой


Оюу-Толгой хэмээх энэ бяцхан бор толгойг монгол хүн бүү хэл дэлхий мэддэг болсон гэхэд хилсдэхгүй байх. Яасан ч гоё эрдэнийн нэртэй толгойв дээ харахад энэ толгой даанч жижигхэн. Эрт үеэс л нэр нь эрдэнэ агуулсан сайхан энэ толгой маш их баялагийг агуулж бидний үеийг хүрч иржээ. Нутгийнхан нь хад чулуунд нь ногоон хөгц дааварласан энэ чулууны нэрээр нь бэлэгдэж оюу толгой гэж нэрлэж. Гэхдээ энд зэс эрдэнэ ч юмуу оюу байгаа эсэхийг мэдээгүй ч бэлэгшээгээд л нэрлэсэн нь ухаантай зөнтэй ард түмний минь амны хишигтэйнх. Энд байгаа их эрдэнэсийг ашиглахын тулд их бүтээн байгуулалт хийгдэж байгаа, цаашид уурхай ил, далдаар ашиглах гээд том төсөл хэрэгжинэ. Бэлэгт сайхан нэрээрээ дэлхийн танил болсон энэ жижигхэн бор толгой зураг, түүх болж үлдээд газрын хөрснөөс арчигдан тэгшлэгдэнэ гэж бодоход гунигтай. Эх орны хишиг гэнэ үү эрдэнийн хувь гэнэ үү бид бас хувааж идэх болох нь.

хармаг


Говийн ганц жимс хармаг элбэг ургадаг жил нь энэ жил бололтой. Товцог хэмээх бутанд ургадаг эл жимсэнд дургүй амьтан хүн говьд нэгээхэн ч үгүй байх. Говьд хоол хүнс, эмчилгээнд хэрэглэдэг гоёо, цулхир, хөмүүл, таана гэхчлэн цөөн хэдэн ургамал байдаг. Өөр ч бий л дээ би бүгдийг нь мэдэхгүй болохоор нэрлэсэнгүй. хармагийг бол харин мэдэх юм. Говийн амьтад хармаг жимс элбэг ургасан намар энд тэндгүй хармагны үрээр баасан байхыг харсан учраас үнэг хярс, элээ шувуу гээд бүгд л дуртай юм байна гэж боддог.