Бид хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гээд л хааяа мөрөөддөг. Энэ дуу ч нэгийг бодогдуулдаг. Даанч харамсалтай нь хүүхэд насандаа эргэн очиж алдаагаа засаж шинээр, бас ухаантай эхлэх боломжийг энэ хорвоо олгоогүй. Хүмүүст олддоггүй тэр боломж харин өнгөрсөн зун бидэнд ангийн найз Г.Сэрээнэндоржийн минь ачаар тохиож бага насныхаа дурсамжаараа цалгиж шаагиж шуугиж хоёр хоносон юм. Бид уулзах зар авсанаар ажил төрлөө зохицуулж 8-р сарын 7-ны орой цуглаж 20 цагийн галт тэргээр сайншандыг зорин хөдлөв. Ангийн багш О.Дашням болон ангийн нөхдөө 30 жилийн дараа харж байгаа хүн ч байв. Багш минь анууханаараа бараг биднээс ялгарах оворгүй. Бидний багын байдал, зан төрхийг мартаагүйгээр үл барам олон сайхан дурсамжийг минь сэргээн ярьж аргагүй л олон хүүхэдтэй ажиллан түүртэж үзээгүй саруул ухаантайгаа мэдрүүлж биднийг баярлуулав. Багш минь эрүүл энх урт удаан наслаарай. Таньдаа муу шавь нь маш их хайртай. Хүүхэд насны минь гэнэн, хөгтэй, инээдтэй, гашуун дурсамжууд гэгээлэг байжээ. Замдаа бид Чойр, Шивээ-Говиос хүмүүсээ тосч авав. Бидний хөөрсөн сэтгэлийн шуугианд орж ирсэн хэд маань түрлэг нэмэн эрчээ авч залуу халууныг нь магтан дурсамж түүх шаагилдсаар явтал 35-р зөрлөг өнгөрлөө гэцгээв. Энэ мэдээ яарсан сэтгэлийг минь хөвөлзүүлж орхив. Энд биднийг хүлээж буй бага нас минь татаад байгаа бололтой шандынхаа гэрлийн барааг олоод харчих гэж догдлон байн байн цонх руу өндөлзөх болов. Удсан ч үгүй шандын гэрэл харагдлаа. Шөнийн 4 цаг өнгөрч байхад хүрч вагоноо салгуулснаар хүүхэд насандаа дэрвээд ирэвэй бид. Ангийн нөхөддөө ирсэнээ дуулгавал баяр хөөр, дуу шуу тэврэлдээн болж баахан бужигнаж байж тайширцгаав. Шанд, Замын-Үүдэд байдаг хэд маань унаа, амралт, хоол, аялал мөргөл гээд сайхан зохицуулж бэлтгэжээ. Тэд маань хөтөлбөрөө танилцуулж байна. Өглөө нь бид сургуулиараа орж ангидаа сууж үзлээ. Сурагчид амарч байгаа болохоор эл хуль, засвар хийгээд ундуй сундуй. Сургууль минь өргөтгөсөн хэрнээ нээх том болоогүй юм шиг. Сургуулийнхаа үүдэнд багштайгаа зургаа татууллаа. Танктай хөшөөн дээрээ очиж ар өвөр шандаа багынхаа төсөөллөөр харьцуулж харж дурсацгаав. Хангай газар шиг нуур ногоо халгиж цалгисан сайхан зун болоогүй ч миний дурсамжаар шандын зун эгэлгүй сайхан байдагсан. Говьд бороо хур ховор буух тул намаршиж эхэлж. Аймгийн төв их өргөжижээ. Саран хөхөө театрыг шинэчлэх гээд ар талыг нь буулгачихаж. Олон шинэ барилга нэмэгдэж. Хөшөө рүү гардаг шат хийж тохижуулж бас жижигхэн мухлагт айраг зарж байв. Аймгийн овоо минь жижигхэн болчоо юу даа гэлтэй хот тэлж. Овооны гэж нэрлэгдсэн худгийн сахиул өвгөн байдаг байж билээ. Тэр өвөөг номтой мэргэн гэж хүмүүс нууцаар үзүүлж харуулахаар их цувдаг байсан даа. Хавар зуны заагийн дулаан тогтуун налайж эхэлмэгц овоон дээр хүүхэд, хөгшиж нарлаж хүмүүс бужигнаж эхэлдэгсэн. Бид билет унших нэрээр овоон дээр гарч унших нь багадаж бужигнах нь ихдээд л буцдаг байсан даа. Нэгэнт уншиж амжаагүйг яалтай билээ аз хайна аа, хэдэн номерийн билет ирэх нь вэ гэж өвөөгөөр мэргэлүүлнэ. Өвөөгийн хэлсэн төдөөс төд хүртэл гэснийг нь уншиж азаа үздэг байсан.Тэндээс бид энергийн төв, Хамрын хийдээр орж хийморь лундаагаа сэргээж уул усандаа сүсэглэн даатгахаар хөдлөв. Их хутагтын маань байгуулсан хийд бум бужигнасан буяны том төвөөрөө эргэж сэргээд сайхан болжээ. Хамрын хийдийн лам Энхжаргал ангиараа ирсэнийг билэгшээгээд олон туулайтай сайхан өдөр гэж бидэнд зориулж ном айлдаж даатгаж өгсөнд нутгийн минь энерги шингэж сэтгэл ариусаад сайхан гэж. Хүний унаган нутаг гэдэг хаанаа ч их энергитэй байдаг аж сэтгэл санаа сэргээд бага насны дурсамж хөвөрсөөр. Нутгийн минь эс ширхэг бүхэн танил дотно. Энергийн төв орж хийморио сэргээж Ханбаянзүрх хайрхандаа/хүслийн уул ч гэдэг/хүслээ хэлж даатгаад орой нь Зээгийн хөтөлийн энгэр дэх жуулчны баазад ирж бидний гол парти эхэллээ.Тэр шөнө бидэнд ядарч нойр нь хүрсэн хүн гарсангүй яг л дунд сургуульд байсан шигээ хөгжилдөж шуугилдаж хонож билээ. Хэн нь ямар хүүхэд байсан хэнд хайртай байсан захиа зөөсөн гээд миний мэдэхгүй зөндөө түүх хүүрнэгдсээр. Анхны хайрын захиагаа 5-р ангидаа өгчихөөд түүнээсээ ичээд 3 хоног хичээлдээ явж чадахгүй тасалж байсан дурсамжтай зүрх ч байв. Зүү орох зайгүй гэдэг шиг бие биенээ их санасан байсан шүү. Д.Туяа энэ уулзалтанд зориулж шинэ гитар авч ирсэн нь бидний үеийн дуу хөгжмийн гол стиль АББА, БОНИ М, СМОКИ гэх олон хамтлагуудын дууг дууриан дуулж шүтэж явсан дурсамж эрхгүй сэтгэлд бууж манай ангийнхан авъяаслаг шүү гэх бахархал төрж байв. Хэн хаана явж юу хийсэн хэдэн хүүхэдтэй болсон хэнтэй амьдарсан гээд бүх л амьдралаа ярьцгааж өнгөрүүлсэн хугацааны тайлангаа тавьж хөгжилдлөө. Янз бүрийн амьдралтай болжээ бид. Энэ уулзалтад ирж амжаагүй болон биднийгээ орхин одсон нөхдөө ч дурсан харамсаж байв. Манай Даваа /Ганхуяг/ хүн хүнийг миний хүү гэж үнсэн нулимс мэлмэрүүлсэн өвгөн болж. Яасан ч уяхан болоов дээ анд минь. Гэхдээ олоон жилийн өмнөх гэнэн цагаахан хөгжилтэй үеэ дурсахад өөрийн эрхгүй уярал дурсамжийг хүн бүрт авчирч байсан дөө. Өглөө нь хоол унд энэ тэр гэх хооронд хөвгүүд сагсан бөмбөг тоглож усан санд хэдийгээ шидэж хөгжилдөв. Хүүхэд насны гэнэхэн томоогүй зан хаа нэгтээ нь нуугдаж байгаад гэнэт алдуурч байгаа бололтой Эрдэнэбатын зүггүй хөдөлж охидыг усанд түлхсэнийхээ хариуд охидод дамжилагдан усанд шидүүлж даруулж нилээд сандран туслаарай гэж хашгирч бөөн инээдэм. Хоол ундаа идэж уугаад буцах болж үдээс хойш шандад ирж уулзах хүнтэй нь гадуур гарч бусад нь вагондоо үлдэв. Чогий, Нэргүй хоёр эзгүй байгаад хамт явж чадаагүй хоцорч ирсэн тул тэнд уулзаж дурсамжаа сэргээсэн байхаа. Би шандад ирсэн завшаанаа ашиглан эмээтэйгээ уулзахаар гарсан болохоор сүүлд сонссон. Вагон хөдлөхөөс өмнөхөн ирсэнд алга боллоо ирэхгүй удлаа гэцгээж би ч жаахан гэмшив. Намайг эзгүйд вагоны өмнө зургаа авхуулцгаасан нь гоё гарсан байна билээ. Сургуулийнхаа өмнө багштайгаа авхуулсан зургаа үзээд л баймаар дурсгал. Суудал хөдлөх болоход хүүхэд насаа үлдээгээд явах гэж байгаадаа хоргодон үлдэх хэдтэйгээ салах гэж их огшицгоосон доо бид. Уулзахдаа гэрэвшээд чийгтээгүй аньсага чийгтсэн байсныг суудал хөдөлхөд анзаарсан шүү. Би буцаж явахдаа ангийнхандаа маш их баярлаж сэтгэл хөдөлсөндөө миний найзын галт тэрэг биднийг хүүхэд насанд минь хүргэж өглөө тэр галт тэрэг байдаг юм байна гэж эрхгүй дуун алдаж билээ. Галт тэрэг хурдаа авлаа ...
No comments:
Post a Comment