Аралын Тайванд манайхан л болсон хойно амьдралын төлөө уриатай манаргаж явахад би бас яаж хоцрохов мачийж л явлаа. Манайхан өглөө гараад шөнө дүл болтол ажиллах тул уулзалдах зав чөлөө бага. Бид нэг байранд өрөө тус бүрийг нь хөлслөөд сууж байгаа болохоор таван өрөө нь таван айл гэсэн үг. Харин дундаа нэг нойл, нэг угаалга душтэй дээр үеийн байр. Бидний л ижил гадны хүмүүс олноор ажиллаж амьдардаг болохоор тийм байраа хөлслүүлэхэд зориулдаг бололтой. Манай үйлдвэр маш их илүү цаг хийнэ. Шөнө оройтон бууж ирээд бие засахаар нойлын өрөөнд ороход, хананы цаана шатаар явах хатуу өсгийтэй гуталтай эмэгтэй хүний хөлийн бололтой чимээ гарч л байдаг байв./хатуу өсгийтэй гуталтай эмэгтэй хүн чулуун шал, шатаар явахад гардаг хөлийн чимээ шиг/ Хүн л орж гарч байдаг байлгүй гээд юун түүнийг эргэцүүлж бодох манатай хурдхан унтахын хүслэн. Хэсэг хугацааны дараа манайхан байраа солих болж нүүдэл суудал хийн байдлаа дээрдүүлж хэрэндээ л тохижиж билээ. Нэг баярын өдрөөр ажил амарч бид бүгдэд цугларах боломж таарсан юм. Удтал цугларч нутаг орны болон сонин хачин мэдээллээ солилцож ярилцаагүй бид элдвийг хүүрнэн шуугилдаж байлаа. Тэгтэл бидний амьдарч байгаад солисон байр гүйдэлтэй байсан тухай яриа гарч хэд нь баталж байна. Надад л мэдэгдсэн юм байхгүй тул гайхав. Бодож байх нээ манай нойлын цаана орц шат байхгүй хэрнээ хөлийн чимээ гардаг байснийг тэгэхэд л сая анзаарч бие зарасхийх шиг болж билээ. Тухайн үедээ мэдээгүй минь яамай. Дараа нь бодох болгонд аягүйцдэг. Бидний дунд том коридор байдаг байсан, бүр тэнд эмэгтэй хүн зогсож байснаа алга болсон гэж хэлэхэд нь пал хийж билээ. Манай нэг Баагий архи уучихаад шалан дээр хэвтэж байтал нь нэг юм дарчихаад босч болохгүй байсан тухай бас ярьсан. Согтуудаа солиорсон байж болох ч хөлийн чимээ яах аргагүй гардаг байсан юм байна. Үнэн ч байж магад.
No comments:
Post a Comment