Хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө. Өдөр шөнө тэнцэх хүртэл цаг хугацаа хавчигдаж байгаа нь нээх анзаарагдахгүй ч дурсамж тээгээд л нар буцаж эхэллээ. Би амьдралыг тэтгэгч наранд дуртай, нар наашаа эргэхэд бүр ч дуртай. Тэр үед хэдий хүйтний эрч чангарч ес эхлэн тачигнаж эхэлдэг ч нар элчит гэрлээ тээн амьтай бүхнийг уясаан төлжүүлэхээр наашаа эргэсэн гэж бодоход сайхан цагийн хүлээлт мөрөөдөл, анхны хайрын анхны болзоонд догдлон зогсож буй мэт айсуй хаврын баярын совин татаастай. Харин өнөөдөр нар цаашилж эхэлж байна. Их халуун эхлэнэ. Ид зун эхэлж байгаа ч юм шиг. Гэтэл наадмын маргаашнаас намар энэ тэр гээд л сэтгэлд нэгийг бодогдуулж голио,царцаа жиргэж эхлэх нь цаанаа л нэг намрын уриатай. Улс орны минь мандан бадралын буурал түүхийн олон тэгш ойнуудаа нэгтгэн өргөн их баяр цэнгэл болгон тэмдэглэх гэж байгаа нь бахархалтайн дээр, наадмыг улам ч сүрлэг, өргөн дэлгэр болгон хойтон жилийн наадам хүртэл дурсагдах жилийн өнгө гэлтэй. Дэлхийд ганцхан үндэсний минь их баяр, монгол наадам ойртлоо. Хамгийн сайхан цогц баяр. Хурдан хүлгээ барианд орж ирэхийг хараад бахархан самсаа нь шархирдаггүй монгол хүн нэгээхэн ч үгүй. Хүчит бөхөө, соёолонгийн тоосоо харж хийморио сэргээн наадмын хуушуураа идэхгүйгээр төсөөлөх ч аргагүй. Наадмын өмнөх арга хэмжээ болгон зохиогдож байгаа тэмцээн уралдаанууд төрөл төрлөөрөө, өдөр бүр ажлын дараа үргэлжилж залуусын хурд,хүч,авхаалж самбаа, оюун ухааны их өрсөлдөөн, хөгжөөн дэмжигчидийн уухайн цуурайтай оройн наран жарган жаргатал дуу шуугиан их бүтээн байгуулалтын сүр хүчийг улам нэмэн ертөнцөд дуулгахаар цууриалан одох шиг бахархалтай.
No comments:
Post a Comment