Powered By Blogger

Saturday, January 1, 2011

Шинэ жил

Шинэ он. Амьдралын минь бас нэгэн шинэ хуудас. Өнгөрч байгаа бүхнийг цаг хугацааны дэнсэн дээр тавьж боддог болчих юм. Сайхан жил гарч байна даа. Сайхан ч жил өнгөрч. Шинэ жил нас хүйс,шашин шүтлэг,ёс заншилд баригдаад байдаггүй их эрч хүч өгч сэтгэл тэнийлгэдэг сайхан баяр шүү. Би их дуртай. Оны сүүлчийн оройн цаг, минут хорогдон хорогдон цохилсоор тэглэн, хүсэл мөрөөдөл бүхэн минь биелэгдэх шинэ оны хонх цохих тэр баярт мөчид хүслийн хязгааргүйг илтгэх мэт хүсэл мөрөөдлийг минь тээсэн өнгө өнгийн гэрэл тэнгэр зүсэн цацарч баярын жавхаа нэмэхэд оргилуун дарс буудуулан болорт жүнзэлж аз жаргалыг ерөөн тулгахуй бид насыг нэмсэн байна. Оны сүүлчийн орой Санж дарга хэдэн хөгшчүүл цуглана чи ирээч хэдэн гамбир ав гэж наргиж байна./Шатар тоглож хожихоо гамбир өгнө гэх/ Би ч уриалгахан нь аргагүй очлоо.Ийм сайхан хүмүүстэй хуучин оноо үдэж шинэ оноо угтах болсон нь надад сайхан. Манай хэдэн ахмад нэлээд юм бэлдчихсэн сууцгааж байнаа. Үзэж туулсан сайхан амьдрал, баялаг туршлагатай. Бас наргианч гэж жигтэйхэн хээгүй хэд. Ёстой л хор нь гарсан ланжгарууд. Онигоо болон болсон,туулсан хөгтэй явдлуудаа ярьж идэж ууж инээлдэцгээж суулаа. Олон газар явж юм үзэж нүд тайлсан энэ буурлуудын яриа шал өөр ертөнц юмаа.Хөгшчүүд л гээд байгаа болохоос хэл боловсрол туршлага чадвар нь далай л даа. Орчлон ертөнцийн үүсэл гарлаас эхлээд эрдэс баялаг,амьтан ургамал усны нөөцийн гээд мэдэхгүй юмгүй. ОТ Төслийн нөөцийн тухай монголчууд яриад л байгаа ч энэ хүмүүсийн хийснийг уншиж сонсчихоод мэдэмхийрээд байгаа хэрэг шүү дээ. Учраа мэдэхгүй хүүхдүүд сургуулийн ширээнээс мултарч ирсэн даруйдаа энэ хүмүүсийг хөдөөний өвгөд гэж андуураад үүрэг даалгавар өгч шалгаж заавардах гэж онигоо болдог. Хөдөө хөхөрч, гадаа гандаж хоцрогдсондоо гэж бодмоор. Гэтэл тэд чинь ШУ-ны хүрээлэнгүүдэд ажиллаж судлаад практик дээр одоо ажил бүтээл болгох гээд зөвлөх хийж байгаа хүмүүс шүү дээ. Өнгөөр дүгнэж болохгүй потенциал бий тэдэнд. Тэр сайхан хүмүүсийн нутаг, эх орноо гэсэн дотоод сэтгэлийн агуу мэдрэмжийг сонсож суухдаа би гэдэг хүн аль нутгийнх юу хийсэн гээд ярих юм даан чамлалттай байлаа. Тэгж байтал он солигдох мөч тулж ирлээ. Бид ч бэлэн. Цагийн зүү уруудсаар оны сүүлчийн хонх, шинэ оны анхны хонх цохилох тэр агшинд зориулсан дарсаа бариад бослоо. Гадаа хүмүүс тоолж эхлэх цууриан чимээтэй бид ч хамт тоолж эхлэв. Гурав,хоёр, нэг гэрт гадаагүй баярын салют, дарс тачигнан оргилж тэнгэрт галын наадам, гэр дарсны оргилоон тоссон жүнзний жингэнээн сайхан бүхний хүслийн цагаан энергийн давалгаан хүн бүхний сэтгэлийг огшоосон аз жаргалын дээдийн ерөөлтэй агшин. Багтаж ядсан баярын уур амьсгал. Хэсэг байж ярьж бид ч тайвширч сайхан жил гарлаа гэж ерөөн бие биедээ аз жаргал амжилт хүсээд амрахаар тарлаа. Өглөө нь амралтын өдөр тул аажуухан босов. Уул тал цасан хучлагаа нөмрөөд юу ч болоогүй мэт дүнсийнэ.

No comments:

Post a Comment