Wednesday, January 12, 2011
Sunday, January 9, 2011
Энэ цагийн эгэл баатар
Бусдад үлгэр дууриал болохоор буянт, хүмүүнлэг, сайн сайхан үйлс бүтээчихээд би их юм хийлээ гэж хэнд ч биеэ магтаагүй, шан харамж, авилга,ашиг горьдоогүй энэ цагийн эгэл баатруудыг тодруулж байгаа нь ТВ-9 телевизын цаг үеэ олсон нэвтрүүлгүүдийн нэг байлаа. Эгэл баатрууд маань хийх ёстой ажлаа хийсэн надад ямар ч гавъяа шагнал хэрэггүй, шагнал ашиг горьдож хийсэн ажил биш гэж байхад, хийх ёстойгоо ч хэл амгүй хийхээ байсан хэсэг бүлэг бас байх юм. Сүүлийн үеийн судалгаагаар авилга хамгийн их авагчдын манлайд манай ачит эмч, хайрт багш гээд л төрийн албан хаагчид удаалсан жагсаалт гарч. Харин манай цагдаа хууль хяналтынхан яагаад энэ жагсаалтын эхэнд биш юмаа гэхэд айрагдаагүй нь гайхалтай. Юу гэвэл цагдаа нарийн авилга аваад амаа үдүүлж, нүдээ таглуулсан танил тал хардгийн нэг жишээг хэлэе. Жирийн жолооч найз маань надтай нэг юм хувааж ууя гээд бүхээгтээ задлах гэж байна. Чи тэрэг барьж яваа юм байна дараа болъё гэвэл зүгээрээ энэ дүүрэгт найз нь хаалтгүй чи бүү санаа зов гээд машинтайгаа архидаж байна. Тэрний ард хэн нэгэн ядуу цагдаа, хамгаалагч болж дархалсан байж магадгүй. Авилгад өртдөг тэд шууд авилга нэхдэггүй ч хөшүүн хүйтэн хөндий харьцаа нь жирийн иргэдийг чирэгдүүлж байгаагаас өгөхөөс аргагүй байдалд оруулдаг ч байж магадгүй. Өвчтөнөө үзэж эмчилж, сэтгэл тавьж байгаа эмч яах аргагүй буянтан. Өвчин зовлонгоос нь салгасан ачтандаа талархаж байгаа хүн энэ хорвоогоор дүүрэн байгаа. А-үсэгээс эхлэн эрдэмд сургасан багшдаа баярлаж талархсан сэтгэлийн бэлгээ өгөх гэж уулзалт болгондоо хичээдэг. Шавийн эрдэм багшаас гэж багш, номд мөргөдөг хүмүүсээ манай ард түмэн. Газрын албаны ажилтан олон хүний авах хүсэлтэй ашигтай байршилтай газрыг миний эзэмшилд өгч шийдвэл надад нэг насны буян. Би бас л энэ насныхаа ачтанд талархсан сэтгэлийн бэлгээ өгч баярлуулах гэж хичээнээ дээ. Энэ мэтчилэнгийн олон буянтан энэ хорвоо дээр байгаа аж. Тэдэндээ ач санаж байгаа хүн юм өгч баярлуулах гэх байх. Тэднээр үйлчлүүлж үйлчилгээ авах гэж төрийг бий болгоод төрийн санг нь татвараараа бүрдүүлээд өгсөн гэж бодохоор бид өгөх ёстойгоо өгчихөөд авч байгаа үйлчилгээ л дээ уул нь зах зээлийн хуулиа бодвол. Талархаж баярласан сэтгэлийн өглөг өгөх хүсэл надад ч бии. Харин төрд ажиллаж байгаа хүн, би хийх ёстой юмаа л хийсэн гээд л хэлчихэж, бас өгсөнийг авахгүй байж чадахгүй байгаа нь ядуугийн зовлон уу? шунал уу?. Гэхдээ бид хийх ёстой ажлаа хийж байгаа тэр сайхан сэтгэлтэй хүмүүст яагаад авилга өгөөд хэрэгтэн болгочих гээд байдаг юм бол? Эмч хэдий сайхан аашилсан ч манай иргэд итгэхээ байжээ. Юм өгөхгүй л бол хийх ёстой эмчилгээ сувилгааг өөрт ашигтай хүнд үзүүлж өглөгийн эзний буянт дүрээр ялгавартай хандаад байдагт л учир байх шиг. Цаад үр дагавар нь хүмүүс эмч дээр очихоос төвөгшөөж жоргүй эм авч хохирох, мөн түүнийг ашиглаад эмийн сангууд хуурамч баталгаагүй эм борлуулан хүний зовлонгоор бизнес хийж шударга бусаар амьдрагч, хохирогч олшроод байгаад л даа. Эмч сэтгэл гаргаж сайхан ханддаг байсан бол хэн нэгэн бүсгүй баталгаагүй эмээр зулбах гэж амиараа дэнчин тавихгүй л байх даа. Хэнд ч ялгаваргүй сайхан хандаад үйлчилчихэж чаддаггүй л юм байх даа тэд. Эмнэлгийн болон төрийн бүх ажилтан тийм биш л дээ. Хувь хүний гэхээсээ энэ нийгмийн ёс суртахуун юм болов уу? Эгэл баатар ховордсон энэ цагт ажил бүтээе гэвэл хэдэн бор юмтай гарах нь дээр. Хүйтэн хад мөргөснөөс өгөөд л азаа үзэхээс.... цаг хугацаа алт өнгөрсөн минут эргэж олдохгүй.
Saturday, January 8, 2011
дайсан
Саяхан телевизээр хүний наймааны хохирогчид хэн нэгэнд хууртаж, хүчинд автаж золиос болдог тухай гарч байсан. Бүр таньдаг сайн найз нь хуурсан гээд л. Хэдхэн монголчууд минь хэн нэгнийгээ золиос болгон гадна дотныхонтой үгсэн наймаацаж найзынхаа амьдралыг баллаж ирээдүйд нь хар толбо тавьж байгаа нь юутай эмгэнэлтэй вэ гэж бодож байлаа. Хэн нэгний ойр дотныхон, найз нөхөд нь итгэлийг нь эвдэн залилж хувь заяагаар нь тоглоно гэхэд эхэндээ итгэдэггүй байлаа. Хүн гэдэг ховор хувь заяанд төрчихөөд тэр ховор заяанд төрсөн найз нөхдийнхөө хувь заяаг хүний нүүр харах аргагүй болгож байгаа тэр найзын мөс жудаг даанч дээ. Бид ойр дотныхондоо, найз нөхдөдөө итгэхгүй юм бол өөр хэнд итгэх болж байнаа? Сүүлийн үед гарч байгаа хулгай,хүчин хүний наймаа гэхчлэнгийн хэргүүд дотор хохирогчийг сайн судалсан, таньж мэддэг, ойр дотны хүмүүс байдаг баримт байна. Би ч яалгаагүй ойр дотныхондоо итгэж тэднээс тусламж дэмжлэг хүсч ханьсдаг. Найдвар болсон тэд маань хамгийн том аюултай дайсан гэж үү? Итгэлээ ашиглуулж хохирсон иргэдийн итгэл сэргэх болов уу?Амьдралын гараан дээр хууртсан охид сэтгэлийн шархаа нуухийн тулд хэл, түүхээ мэдэхгүй гадны хүнтэй амьдралаа холбож азаа турших л үлдэж байх шиг.
Wednesday, January 5, 2011
зохисгүй хэмнэлт
Ээ дээ энэ хүүхнүүд үү!!! Гэртээ байж байтал хэн нэг нь утсаар дохиж байна. Дугаарыг нь харвал хүн болгон руу дохиж ажлаа амжуулдаг манай ажлын нэг хүүхэн байдаг тэр байна.Залгавал өөдөөс хүн ажилд оруулах гэсэн яаж оруулах вэ? гэж байна. Зүгээр л залгаад асуухгүйдээ гэвэл, заа юун сүртэй юм чи залгаач би нэгжгүй гэж уцаарлаж байна. Эр хүн байж голоо цохилоо гэж дургүйцэж байгаа бололтой. Би ядуурч тэр учиргүй баяжина гэх нь ч хаашаа юм дохиж өөрийн хэргээ бүтээх гэсэнд нь жаахан эгдүү хүрч байлаа. Картын хэрэглэгчид нэгжгүй болчих үе байдаг ч дохиж байна гэдэг нь мэссежээр асуувал хүрэх нэгжтэй гэсэн үг. Хэмнэж л байгаа юм байхдаа. Бид хоёрын дунд элдэв нарийн харицаа байхгүй. Өөрийнхөө хэрэгцээг хангах гэж л утастай болсон баймаар, эр хүн болохоор би залгах ёстой юм болов уу? Би албанаасаа утасны төлбөрийн хөнгөлөлт энээ тэрээ эдэлдэггүй хувиараа л алба амиа залгуулдаг. Харин байнга хэмнэсээр байгаад нэгж байсан ч дохиж, таньдаг болгон руугаа нэгж байвал саваач,шидээч гэдэг зуршилтай болчихсон нэгэн байх аж. Ажил дээр болон гадуур явж байхад танидаг нэгэн дохивол эргэж залгадаг л юм. Харин гэртээ, эхнэрийнхээ дэргэд дохьсон хүүхэн рүү эргэж залгах эвгүй юм билээ шүү. Гэм хийсэн хүн шиг гэлбэлзмээр... Хамт явж,хамт хэрэглэсэн зардлаа, би даая л гэж хэлээгүй бол хуваагаад төлчих нь бусад зүйлс дээр ч гэсэн соёлт хүмүүний адгууснаас ялгарах онцгой чанар баймаар. Үнэгүй юм, хүний юм хоёрт нугасгүй,бусдаар даалгадаг энэ шимэгч сэтгэлгээнээсээ хэзээ салах юм болдоо бид. Цагтаа л төлөгдөөгүй болохоос, үнэгүй юм гэж хаана ч байхгүй. Эсвэл бид урьд нь төлчихсөн, үгүй бол хойч үед заавал төлөгдөх учиртай гэнэ. Харин ямар үнээр, хэрхэн төлөгдөх нь тэр үеийн л хэрэг.
Saturday, January 1, 2011
Шинэ жил
Шинэ он. Амьдралын минь бас нэгэн шинэ хуудас. Өнгөрч байгаа бүхнийг цаг хугацааны дэнсэн дээр тавьж боддог болчих юм. Сайхан жил гарч байна даа. Сайхан ч жил өнгөрч. Шинэ жил нас хүйс,шашин шүтлэг,ёс заншилд баригдаад байдаггүй их эрч хүч өгч сэтгэл тэнийлгэдэг сайхан баяр шүү. Би их дуртай. Оны сүүлчийн оройн цаг, минут хорогдон хорогдон цохилсоор тэглэн, хүсэл мөрөөдөл бүхэн минь биелэгдэх шинэ оны хонх цохих тэр баярт мөчид хүслийн хязгааргүйг илтгэх мэт хүсэл мөрөөдлийг минь тээсэн өнгө өнгийн гэрэл тэнгэр зүсэн цацарч баярын жавхаа нэмэхэд оргилуун дарс буудуулан болорт жүнзэлж аз жаргалыг ерөөн тулгахуй бид насыг нэмсэн байна. Оны сүүлчийн орой Санж дарга хэдэн хөгшчүүл цуглана чи ирээч хэдэн гамбир ав гэж наргиж байна./Шатар тоглож хожихоо гамбир өгнө гэх/ Би ч уриалгахан нь аргагүй очлоо.Ийм сайхан хүмүүстэй хуучин оноо үдэж шинэ оноо угтах болсон нь надад сайхан. Манай хэдэн ахмад нэлээд юм бэлдчихсэн сууцгааж байнаа. Үзэж туулсан сайхан амьдрал, баялаг туршлагатай. Бас наргианч гэж жигтэйхэн хээгүй хэд. Ёстой л хор нь гарсан ланжгарууд. Онигоо болон болсон,туулсан хөгтэй явдлуудаа ярьж идэж ууж инээлдэцгээж суулаа. Олон газар явж юм үзэж нүд тайлсан энэ буурлуудын яриа шал өөр ертөнц юмаа.Хөгшчүүд л гээд байгаа болохоос хэл боловсрол туршлага чадвар нь далай л даа. Орчлон ертөнцийн үүсэл гарлаас эхлээд эрдэс баялаг,амьтан ургамал усны нөөцийн гээд мэдэхгүй юмгүй. ОТ Төслийн нөөцийн тухай монголчууд яриад л байгаа ч энэ хүмүүсийн хийснийг уншиж сонсчихоод мэдэмхийрээд байгаа хэрэг шүү дээ. Учраа мэдэхгүй хүүхдүүд сургуулийн ширээнээс мултарч ирсэн даруйдаа энэ хүмүүсийг хөдөөний өвгөд гэж андуураад үүрэг даалгавар өгч шалгаж заавардах гэж онигоо болдог. Хөдөө хөхөрч, гадаа гандаж хоцрогдсондоо гэж бодмоор. Гэтэл тэд чинь ШУ-ны хүрээлэнгүүдэд ажиллаж судлаад практик дээр одоо ажил бүтээл болгох гээд зөвлөх хийж байгаа хүмүүс шүү дээ. Өнгөөр дүгнэж болохгүй потенциал бий тэдэнд. Тэр сайхан хүмүүсийн нутаг, эх орноо гэсэн дотоод сэтгэлийн агуу мэдрэмжийг сонсож суухдаа би гэдэг хүн аль нутгийнх юу хийсэн гээд ярих юм даан чамлалттай байлаа. Тэгж байтал он солигдох мөч тулж ирлээ. Бид ч бэлэн. Цагийн зүү уруудсаар оны сүүлчийн хонх, шинэ оны анхны хонх цохилох тэр агшинд зориулсан дарсаа бариад бослоо. Гадаа хүмүүс тоолж эхлэх цууриан чимээтэй бид ч хамт тоолж эхлэв. Гурав,хоёр, нэг гэрт гадаагүй баярын салют, дарс тачигнан оргилж тэнгэрт галын наадам, гэр дарсны оргилоон тоссон жүнзний жингэнээн сайхан бүхний хүслийн цагаан энергийн давалгаан хүн бүхний сэтгэлийг огшоосон аз жаргалын дээдийн ерөөлтэй агшин. Багтаж ядсан баярын уур амьсгал. Хэсэг байж ярьж бид ч тайвширч сайхан жил гарлаа гэж ерөөн бие биедээ аз жаргал амжилт хүсээд амрахаар тарлаа. Өглөө нь амралтын өдөр тул аажуухан босов. Уул тал цасан хучлагаа нөмрөөд юу ч болоогүй мэт дүнсийнэ.
Subscribe to:
Posts (Atom)