Говь, тал хээрийн хулан хэмээх адууны ойрын төрөл болох зэрлэг илжиг сүрэг сүргээрээ бэлчиж малын бэлчээр талхаллаа гэж адлагддаг байсан цаг саяхных. Ан ав ашиг хонжооны хойноос нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй бузар шуналтнуудын хурдан унаа, хүйтэн зэвсгийн овоо хараанаас мултарч чадалгүй устах дээрээ тулан улаан номонд орсон эмгэнэлт хувь заяатай энэ адгуус бидний бараанаар амьд үлдэх зэрлэг амьтны зөнгөөрөө хөлийн хурд мэдэн зугтаж буй нь энэ. Говь цөл, тал хээрийн нутгаар тархан нутаглаж нутгийнхны малын бэлчээрийг талхлан мөлжиж байгаа тухай соц нийгмийн дараахан үед хаа нэгтээ дурсагдаж байсан сан. 20-р зууны дунд үе хүртэл манай орны Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн урд талын цөлөрхөг хээр, зүүн тийш Буйр нуур хүртэлх нутагт тархаж байсан талаар улаан номд дурьдсан байдаг гэж лавлахаас харлаа. Одоо Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн урд хэсэгт цөөхөн байгаа тухай мэдээ байна. Монгол хулангийн тархалт 1990-ээд онд эрс хумигдсан гэж судлаачид тэмдэглэж байгаа нь зах зээлийн зэрлэг нийгмийн ашгийн хойноос юуг ч зольдог цэвдэг араншинтай холбон ойлгохоос аргагүй. 1994-1997 оны судалгаагаар өмнөд Монголын бүх нутгаар нийт 33000-63000 толгой хулан тархан байсан гэж. 2003 онд шинэ судалгаагаар өмнөд Монголын 177563 ам км нутагт 20000 толгой хулан байгааг тооцоолсон нь гэж бас байх юм. Харин малчдын ярьж байгаагаар энэ аль хэдийн хуучирсан тоо, одоо сүрэг хулан гэж байхгүй болсийшдээ гэж байна.Сүүлийн 70 жилд Монгол хулангийн тархалтын нутаг дэвсгэр 50%-иар багассан нь харин үнэн байх. Хулангийн нийт тархалтын 67% нь Дорноговь, 20% нь Өмнөговь, 13% нь Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт байна гэж судлаачид тогтоосон нь хэдий үеийн тоо баримт юм болдоо. Худалдаж ашиг хонжоо олох зорилгоор нэг хүн 60 хулан агнасан нь ганцхан удаагийн шалгалтаар баригдаж шуугиан тарьж байсан нь илэрсэн багахан хэсэг нь байх. Тэр хүн шийтгэгдсэн эсэхийг мэдэхгүй. Энэ байтугай хулангийн махаар хуушуур хийдэг дагнан нийлүүлдэг уутач уурагч нарын ашгийн төлөөх сүлжээ байдаг тухай сонсогдож байсан юм байна. Байгаль хамгаалагчид нь энэ сүлжээний цаад эзэд нь байдаг тухай ч яриа байдаг. Малын бэлчээр талхалдаг зэргээр нь далимдуулж ил далд агнаж хороосоор хулангийн тоо толгой цөөрсөөр байгаа тухай ад үздэг байсан малчид нь одоо халаглан ярьцгааж байна. Уул уурхайн замбараагүй олон лицензийн балгаар хулангийн бэлчээр байршил эрс хумигдаж байгаа нь өсөлт үржилт, тоо толгой нь цөөрөхөд байгаль цаг уур, хулгайн анчдаас дутуугүй нөлөөлсөн байх талтай. Хэрвээ хулан маань устаж алга болон зөвхөн амьтан хамгаалах газар үлдвэл амьтны хүрээлэнгээс авчирч уугуул нутагт нь тахь нутагшуулсан шиг нутагшуулах унаган говь, тал хээр нутаг үлдсэн билүү бидэнд? Тахийн эмгэнэлт хувь заяаг давтахгүйн тулд хулангаа амьдарч идээшсэн нутагтай нь хамгаалах, авч үлдэх талаар одооноос анхаарахгүй бол хувь заяаны төгсгөлөө хүлээсэн хэдхэн хулан уул уурхайн нүсэр нүргээнээс дайжин байх нутаглах бэлчээргүйдэн орох газраа олж ядан байна. Манай улс 1953 онд хуланг дархан цаазтай болгож агнахыг хуулиар хориглосон нь өсөж үржих таатай нөхцөл болж зах зээлийн өлөн ховдог эдийн засаг, нийгэмтэй золготол олноор тоологдон малын бэлчээр талхаллаа гэж адлагдахдаа хүрч байсан байх юм. Хуучин нийгмийн үед хулгайн анчин, зах зээл хоёр ховор тул идэшний зорилгоор хаа нэг хулгайгаар агнацгааж байсан байх. Хулан нь дэлхийд төдийгүй Монгол орны нэн ховор амьтны болон Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/-ийн нэгдүгээр хавсралтад бүртгэгдсэн, агнахыг хуулиар хориглосон амьтан юм.
No comments:
Post a Comment