Wednesday, June 22, 2011
Туулай жилийн нар буцах өдөр төрсөн бодол
Зараа
Thursday, June 16, 2011
Сонин хачин
Аралын Тайванд манайхан л болсон хойно амьдралын төлөө уриатай манаргаж явахад би бас яаж хоцрохов мачийж л явлаа. Манайхан өглөө гараад шөнө дүл болтол ажиллах тул уулзалдах зав чөлөө бага. Бид нэг байранд өрөө тус бүрийг нь хөлслөөд сууж байгаа болохоор таван өрөө нь таван айл гэсэн үг. Харин дундаа нэг нойл, нэг угаалга душтэй дээр үеийн байр. Бидний л ижил гадны хүмүүс олноор ажиллаж амьдардаг болохоор тийм байраа хөлслүүлэхэд зориулдаг бололтой. Манай үйлдвэр маш их илүү цаг хийнэ. Шөнө оройтон бууж ирээд бие засахаар нойлын өрөөнд ороход, хананы цаана шатаар явах хатуу өсгийтэй гуталтай эмэгтэй хүний хөлийн бололтой чимээ гарч л байдаг байв./хатуу өсгийтэй гуталтай эмэгтэй хүн чулуун шал, шатаар явахад гардаг хөлийн чимээ шиг/ Хүн л орж гарч байдаг байлгүй гээд юун түүнийг эргэцүүлж бодох манатай хурдхан унтахын хүслэн. Хэсэг хугацааны дараа манайхан байраа солих болж нүүдэл суудал хийн байдлаа дээрдүүлж хэрэндээ л тохижиж билээ. Нэг баярын өдрөөр ажил амарч бид бүгдэд цугларах боломж таарсан юм. Удтал цугларч нутаг орны болон сонин хачин мэдээллээ солилцож ярилцаагүй бид элдвийг хүүрнэн шуугилдаж байлаа. Тэгтэл бидний амьдарч байгаад солисон байр гүйдэлтэй байсан тухай яриа гарч хэд нь баталж байна. Надад л мэдэгдсэн юм байхгүй тул гайхав. Бодож байх нээ манай нойлын цаана орц шат байхгүй хэрнээ хөлийн чимээ гардаг байснийг тэгэхэд л сая анзаарч бие зарасхийх шиг болж билээ. Тухайн үедээ мэдээгүй минь яамай. Дараа нь бодох болгонд аягүйцдэг. Бидний дунд том коридор байдаг байсан, бүр тэнд эмэгтэй хүн зогсож байснаа алга болсон гэж хэлэхэд нь пал хийж билээ. Манай нэг Баагий архи уучихаад шалан дээр хэвтэж байтал нь нэг юм дарчихаад босч болохгүй байсан тухай бас ярьсан. Согтуудаа солиорсон байж болох ч хөлийн чимээ яах аргагүй гардаг байсан юм байна. Үнэн ч байж магад.
Friday, June 10, 2011
Ахын хар морь
Тээр жил манайх аймгийн төвөөс өртөө хэрийн газар, баруун хонгорын өндөр довны ард зусч байлаа. Нуур ногоо халгисан зуншлага сайтай тэр жил хонгорын хоёр тойром нуурлаж халиад нийлчихсэн цэлэлзэж говийн бидэндээ л далай шиг. Ер нь манай нутаг хур бороо элбэгтэй жил ус тогтон нуурлаад түмэн амьтан ундаалан чуулж байдаг Холбоо,Хөтөл, Хар тойром,Хөх толгойн хөвөө, Гашууны хоолой, Хөлгүү нуур, Сүмийн булаг, Хаалгын булаг гэхчлэн олон сайхан булаг шанд, тойром, хөвөө, тогтоолтойл доо. Айлууд хот хотоороо нуураа тойроод буучихсан, малаа нуурын тал талаас оруулж, усанд орж гарч байгаа адуу үхэр тэмээ, бог мал, сүрэг сүргээрээ тааваараа налайн, шувууд дэгдээхэй юугаан дагуулан ганганалдан чуулж, амьдрал буцалсан жаргалтайн дэлгэр говийн минь зун. Томоогүйхэн бага насны минь их хүсэл мөрөөдлийн жигүүрийг өдлөөж өгсөнсөн. Нуурын цаадтайх Нямаа гуайнх гүүгээ барьсан тул тэднийх рүү явж байгаа хүн машин олон хөлхөж харагдана. Хэн мордоод хэнийх рүү явж байгаа нь, ямар мал эргүүлж явааг нь нүд сайтай залуус нь хараад мэддэг бол хөгшид дурандахад алган дээрх шиг ил. Өдөр нь саах зөрүүлж оройн нь ялган нийлүүлж, саалийн их ажил нугарч үдэш болоход айл саахалтын ах эгч нарын учралын болзоо зуны уянгатай шөнийн одод дор уусан шивнэлдэж, бидний үеийн хэдэн банди нар нийлж тоглон шуугилдан хажуу айлын Одмааг шоглон зүггүйтэж зүггүйтэж тардагсан. Одмаа ч бидэнд гомдохгүй уйлуулаад явуулсан байтал, гуниггүй сайхан инээмсэглэлээрээ шагнасаар хүрээд л ирдэгсэн. Ах минь намайг тоож, нууцаа хэлж хадгалуулсан нь надад ч бахархалтай. Саахалтын айлд маань хотоос амралтаараа ирсэн эгч надад их сайн, бас сайхан аальтай, юугаа ч нуудаггүй сайхан сэтгэлтэй болохоор ахын минь хайрыг татахаас ч яахав./тэр эгч 2дах жилдээ хөдөө амарч байгаа тул сайн танилууд/ Миний ах ч сайхан хүн. Надад л хайртай юм шиг намайг л их хайрладаг тэр эгч ахад минь л их хайртай байсан нь тэр байх. Ахыг эзгүйд намайг л ханьчилдаг нь үгүйлж хүлээж жаргадаг байсных биз. Их борооны дараа манай говийнхоны гол гэж нэрлэдэг сайртай хоолой жинхэнэ гол нэрээ харуулж их үер болно гээч.
Ахын маань боож авсан ээжийнх манайтай ойрхон зуссан тэр жил ахад минь жижигхэн хар морь өгсөн нь чөдрийн хэдээс илүүгүй манайд том бэлэг болсон юм. Бид ч хөл хөнгөн, явдал зөөлөнд нь унах дуртай байцгаалаа.
Ээж минь ахын эзгүй нэг өдөр, миний хүү төв орж будаа гурил жаал юм авч ирэх үү гэж байна. Би ч дуртай нь аргагүй тэгье гэвэл, толгойг минь илж миний хүү болгоомжтой яваарай гээд хэдхэн бор юмаа юу юу авахыг минь хэлж хуваарилж өгөөд айлын эр хүн болж байгаа надад арван төгрөгний эрх олгон мордуулж билээ. Би аймаг орохын хүслэн, ахын хар мориор явах болсондоо бүр ч урамтай. Аав маань биднийг яагаад орхисоны нарийн учрыг мэдэхгүй ч ээж минь гэрт орж эм, гадаа гарч эр болж байж биднийг өсгөсөн юм. Тэрсхэн өссөн ах бид хоёр ээждээ найдвар нь, бахархал нь байсан байхдаа одоо бодоход. Хойдын бараа харуулж бидэнд шингээх хайраа хугаслаагүй ээжээсээ бид эцгээ нэхэж өрийг нь өмлөөгүй. Сургуулийн амралтаараа гэртээ ирж хурга ишиг мал хуйгаа хариулж ижийдээ тусалж жаал гарыг нь амраагаад буцдагсан. Ах минь айлын том нь болохоор тэмээ мал гээд холын бэлчээрт гардаг малын хойноос яваад өдөржин эзгүй байх нь энүүхэнд. Говийн ургамлын аагтайг хэлэх үү, зуны аагим халуун, ялаатай нийлээд тэвчээр муутай ямаа, тэвчээртэй тэмээ хүртэл байж тогтохгүй салхидан алга болох нь адтай. Салхидсан тэмээ ойр тогтохгүй. Аймаг явах энэ үүргийг ах минь биелүүлдэг байсан ч хэдэн тэмээний араас яваад завдаагүйнх. Энэ үе таарч ээж анх удаа надад даалгаж явуулж байгаа нь надад ч эрхгүй үүрэг хуваагдан ирж байгааг мэдрүүлж өгсөн юм. Аймгийн төвд ойрд ирээгүй болохоор сонихон, хүүхдүүд бужигнаж харагдахгүй эл хуль оргиод нам жим. Сургууль амарсан болохоор хүүхдүүд амралт зуслан, хөдөө гадаа явцгаасан бололтой. Амралтаараа хаана яаж амарсан юу хийсэн,үзсэн харсан, олон сайхан дурсамжаа хуваалцах гэж яарнаа бас. Хичээл эхлэхээс өмнө бүртгүүлэх гэж ганц нэгээрээ тааралдах боловч хичээл эхлэх өдөр шуугилданхан цуглах нь баярын өдөр шиг гоё шүү. Ээжийнхээ ганзагалуулсан жаал сүү цагаан идээг өвөө эмээдээ өгчихөөд дэлгүүр орж авах юмаа цуглууллаа. Тэгж байтал нар баруунаа тонгойж сүүдэр уртсаад оройтох нь эргээд гэр лүүгээ яаравчлав. Аймгийн төвөөс гарвал удалгүй нар ч жаргав. Харанхуй нөмрөхөөс өмнө газар дөхөх гэж нилээд эрчтэй хатирууллаа. Морио шавдуулж явж үлийд цөмөрч унах вий, замд болгоомжтой яваарай, юмаа хаяж гээв гэсэн ээжийн захиас, миний айдас хоёр болгоомжлоход хүргэж татаж явав. Дэргүүлж явтал бүрэнхий өтгөрч зузаараад, газрын баримжаа талаасаа жаахан өнгөрч яваа бололтой харанхуйтай золгов. Намайг төөрчих вий гээд газарчилж байгаа юм шиг анивчсан олон оддын дунд долоон бурхан байдаг л байрандаа буй нь хаа ч хүрсэн аймааргүй юм шиг. Харанхуйтай золгоод нилээд явлаа. Миний баримжаагаар гэр дөхсөн байх ёстой ч зөрж төөрч орхив. Ойрхон байгаадаа гэх бодол жаахан тайвшруулж байсан ч аягүйцэж байна. Дуу аялж явсан би гэрээ олохгүй бол гэсэн айдас төрөөд дуу ч гарахаа байв. Чимээ имээгүй хээр талд зүг чигээ алдах эвгүй юм гээч. Чимээ чагналаа таг чиг. Тэнгэр лүү харвал одод намайг ичэглэн шоолох шиг жарвалзан анивчаад олон гэж. Аягүйцэж айхаас гадна бас эр хүн болохоор айлын охиноос ичэж буй болтой. Чимээгүйхэн олоод оччих санаатай миний явах гэсэн зүг рүү хар морь минь нэг л дурамжхан, амаа булаан эргэх гээд байна. Хаашаа л харна жихүүцэм түнэр харанхуй. Жаахан айдастай ч морь минь их ханьтай санагдаж байна. Хашгирвал айдаст автсан миний дуу ямар гарах байсан болдоо лав л миний дуунаас өөр дуу гарах байсан байх. Миний чиглүүлсэн зүгрүү хэд алхаад л жолоо суллахаар чигээ өөрчлөөд, бүр тэс хөндлөн явчих гээд байгаач юм шиг. Аргагүйдсэн би мориндоо даатган, өөрийнх нь явах гэж эргэсэн зүгээс нь татгалзсангүйд дуртай нь аргагүй аваад давхичихлаа шүү. Гэр маань ч холгүй байсан юм билээ л. Би л зүгээ алдаж хазайсаныг морь минь засах гээд эргээд байж. Удсан ч үгүй нохой хуцах сонсдоход айдсын хүлээснээс салган гэрийн минь барааг харуулж ээж бид хоёрыг баярлуулж билээ. Ээж минь оройтсон надад санаа зовоо биз гаднаа намайг тосоод зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдсаар... Гэрээ ижийгээ хараад айсан жихүүдсээ сэгсрэн хаяж их хэрэг бүтээсэн хүн ижийнхээ санааг амраасaн нь хар морины минь ач байсан. Ижийгээ санах минь нэмэгдсээр л... тэрхэн үед ээж минь надаар бахархангуй өө миний хүү хүрээд ирлээ ш дээ яасан оройтоов гэж билээ. Эх хүний сэтгэл гэдэг агуу...Би тайван дүр эсгэж байсан ч хар мориндоо маш их баярлаж билээ. Ээждээ том хүн болсноо харуулах гэж төөрснөө тэрхэн үедээ хэлж чадалгүй нэрэлхэж билээ. Дараа нь хэлсээн би. Ижийн минь санааг амрааж намайг мэнд авчирсан хар морио түүнээс хойш улам их хайрладаг болж билээ. Морь ухаантай бас төөрдөггүй амьтан шүү. Ижийгээ санахаар хар морио бас санадаг юм.
Saturday, May 7, 2011
Гамбит
Шатарт уг нэрийг ямар утгаар хэлдэг вэ гэвэл хүү, бод сул хаяж өгөн урхинд оруулж мадлахыг хэлдэг. Харин амьдрал дээр уг аргатай төстэй мэх хэрэглэдэг хүн байх аж. Яасан бэ гэж үү? Манай бааз олон эрчүүдтэйн нэг нь Цогтоо хэмээх даруухан бор залуу. Эхнэр хоёр хүүхэдтэй. Гэрийн хүн нь хүүхдээ хараад гэртээ байх сайхан цайтай авгай байдгийн. Зан сайтай айлд хүн болгон цугладаг болохоор бид ч бас хааяа орж цай ууцгаадаг байлаа. Цогтоо нас ойролцоо Лхагваа гэгч залуутай үй зайгүй найзууд. Нэг дор ажилладаг болоод ч тэрүү байнга хамт. Лхагваа нь гэрлэж амжаагүй ч хүүхдэд их сайн, найзынхаараа орж гаран хоёр хүүхдийг нь эрхлүүлэн хувцас хунар чихэр жимс авч өгөн үеийн юм шиг л ноцолдож байх. Хүүхдүүд ч ирмэгц л ноолон ах гээд сүйд. Хүүхэд л болсон хойно цалин буусан өдөр юу авчирч өгөх бол гээд Лхагваагийн бөөн хүлээлт. Цалингаа хэмнэж гамнаж нарийлахгүй зарцуулах юмандаа л зарж буй мэт өглөгч бурхан. Баазынхан: Лхагваа танайд л байна уу? гэхэд Цогтоо сайн найзынхаа тусад талархаж итгээд хир халдаахгүй магтана. Лхагваа ч орж гарсаар бараг тэдний хүн болсон юм. Эхнэр нь ч ялгалгүй хувцас хунарыг нь угаадаад хийсэн хоолноосоо ч хувь тавьчихна. Нэг гэр бүлийнхэн шиг байсан тэднийд нэг л өдөр үүлгүй тэнгэрээс аянга буух шиг юм болов. Хоёр хүүхдийнх нь эх авааль эхнэрийг нь Лхагваа дагуулаад талийж одсон байвой. Үнэгүй юм байхгүй гэдэг төлөөс нь энэ үү? Цогтоо ажлаа хийх үү, хүүхдээ харах уу амьдрал тарамдаад ацан шалаанд мад.
Булган сүүлт гайхал
Манай Амраа гэж нэг хэлсэн ярьснаараа дандаа онигоонд ордог хүн байх. Банкны теллерийн оочерт мань хүний ард нь зогсож байсан хоёр хүүхэн, нөгөө теллерийн дараалал арай богино санагдсан юм байлгүй тийшээ шилжиж зогсоход, араас нь Өө!!! та хоёр хэрэггүйдээ энэ тал нь хурдан явна ах нь булган сүүлтэй шдээ гэж маазархад, хамт ажилладаг нэг нь, хэ хэ чи сүүлээ сольчихсон юмуу гэвэл гэнэт ухаарсан гайхал, дуугүй байгаач гэж ёвроод царай нь хачин болов. Яасан гэхээр мань хүний хоч нь чоно юм. Тэгээд л сүүлээ булгаар сольсон намтраар баяжив аа хөөрхий. Тэр хоёр хүүхнээс түрүүлж теллер хүрэх нь хүрсэн л дээ сүүлнээс нь болсон уу яасан арынх нь хүмүүс баярлаж харагдсан...
Monday, April 25, 2011
Нөхөртөө зориулсан хайр
Олон хүн орж үйлчлүүлдэг хоолны газрын аяга таваг угаагч бүсгүй Гэрэлд ажлаас өөрийг бодох зав бага ч тэрээр гэрт үлдээсэн хоёр хүүгээ яаж байгаа бол гэх эх хүний сэтгэлийн зовинол, орой харихад угтах архичин нөхрийнх нь хатуу авир бодогдоод тайван бус. Тэрээр өөрөө эдэлж чадаагүй эцэг хүний хайрыг эр нөхрөөсөө эдлэн жаргах хөнгөн цайлган мөрөөдлөөр эрийн дээд гэж сонгон ханилж хоёр хөөрхөн хүүгийн эцэг эх болон аз жаргалдаа умбаж байсан үе саяхан. Гэтэл арваад жил ханилсан эр нөхөр нь сүүлийн үед ажил ч хийхгүй, архи их уух болж зан ааш нь эвдрэн, хүүхэн шуухантай орооцолдон,элдвээр хэлэн агсамнан зовоох болсон юм. Нөхөртөө эрүүлд нь хэлэхээр би чамдаа хайртай дахиж хэзээ ч тэгэхгүй энэ архийг дахиж уухгүй энэ тэр гэхлээр нь эмэгтэй хүний ууч сэтгэлээр итгэж хоёр хүүгээ бодоод уучилдаг байлаа. Нөхөр нь ч эрүүл байвал хоёр хүүгээ хараад хоол унд хийгээд ард санаа зоволтгүй ажил хийлгээд байдаг байсан юм. Гэтэл нөхөр нь дахиад уухаар барахгүй, бүр гар хүрдэг болж ааш нь улам харгис хэрцгийгээр хувирч хамгийн сүүлчийн удаа гарыг нь гэмтээж хэд хоног ажлаа хийж чадахгүйд хүргэжээ. Тэр хэрээр тэдний амьдрал уруудаж.Энэ тухайгаа ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ нуусаар ийм байдалд хүрсэн юм. Хэлэх гэхээр улам их дарамтанд орох байх гэж айгаад бүр ч хэлж чадахаа байв. Яаж энэ байдлаасаа гарахаа мэдэхгүй хий л зовж шаналсан амьтан. Хамт ажилладаг хүмүүстээ муугаа үзүүлж байгаа юм шиг санагдан бас хэлсэнгүйд, тэд түүний амьдралыг мэдэхгүй болохоор амьдралдаа арчаагүй дорой амьтан гээд үл тооцгооно. Гэрлээ уг нь ээждээ эрхлэн юугаарч дутахгүй өссөн ч аав нь ээжээс нь бага байхад нь салаад явсан тул эцгийн хайраар дутаж өссөн юм. Эцгээ хайрлах байсан тэр агуу их хайраараа эр нөхрөө хайрлан юунд ч хүргэлгүй халамжилж энэ л хүний төлөө төрсөн мэт хамаг л нандин бүхнээ зориулсандаа өөртөө болон нөхөртөө гомдоно. Тэрээр, та л намайг дэргэд минь байж хайрлан эр хүний нандин чанарыг таниулсан бол би юунд ингэж эр нөхрөө эвдэн өөртөө зовлон удах билээ гэсэн гашуун бодол орж ирэхүй надаар хайрлуулж, намайг хайрлаагүй аавдаа давхар гомдол тээвч хүрээд ирэх байх гэж хүлээсээр...
Subscribe to:
Posts (Atom)
