Powered By Blogger

Sunday, December 5, 2010

Нутгаа санасан сэтгэл


Хүний амьдрал богино цаг хугацаа хурдан. Хийж бүтээж гавиагүй ч нутагтаа очиж амжилгүй нилээд удчихаж. Санах юмаа нутгаа. Шандын вокзал дээр буух мөч бүхэн дотно сайхан шүү. Хэдэн жилийн өмнө хальт очиход минь баян хуур хөгжим эгшиглээд, буух суух зорчигсодыг угтаж үдэж байна уу даа гэлтэй уянгатай байж билээ. Яаруу явсан би эмээдээ үнсүүлээд буцаж ирвэл бужигнасан олны дунд/манжуурын вальс/эгшиглээд их үйлсэд хүмүүсийг үдэж мордуулж байх шиг. Сонирхож үзвэл биднийг сургуульд байхад автобус жолоодоод ар, өвөр шандын хооронд гялалзаж явсан Шаймий ах минь/нэр нь хэн билээ/ нилээд халамцуу авъасаа үзүүлж өгч байна. Хүн хүний өмнүүр бүжиглэж эргээд л, хөгжмөө гайхмаар тоглох юм. Ганц нэг хүн мөнгө өгч байхыг харлаа. Энэ хүний амьдрал нь ийм болоо юу даа... Авъяас нь л энэ хүний амьдралыг залгуулж, архинд нэмэрлэх задгай мөнгөөр ч үнэлэгдэж байх шиг. Үнэлмээр л гоё тоглож байсан даа. Одоо байхгүй гэнэ билээ./ум маани бад мэ хум/ Харамсаж байна. Вокзалд сонирхож орвол зүс харсан ч танимхайрч ирэх хүнгүйдэн ганцаардас хийж байсан намайг Паашка хэмээх ухаан мэдрэл тааруутай гэж бодож явсан нэгэн таньж байна гэж сүрхий нэрээр минь дуудаад хөөе сайн уу? Хэзээ ирсэн гэх нь нутаг минь намайг үгүйлэн дутаж байсанч юм шиг элгэмсэх сэтгэл төрж билээ.Гэтэл тэр золиг гэнэт ундааны мөнгө өгчих гэх нь  тэр. Гэнэт тулгамдаад, өө бас бариа хийх нь гэх шүү юм бодогдоод, юун мөнгө гээд ширүүн харвал толгойгоо маажис гээд инээгээд явчиж билээ. Олоон жилийн дараа намайг харсан хэн нэгэн таньж байсанч эргэлзэх гайхах, тулгамдахын дундуур таниагүйн дүр эсгэж байхад намайг мартаагүйгээ, бас харамлахгүй эрээлэхгүй байх гэх найдлага нь өөрчлөгдөөгүй нь хүүхэд залуу насны минь цагаахан тэнэг анд Паашка л байсан байх. Давруулж болохгүй гэсэндээ тэр дорхноо ассан омголон тэнэг зан минь одоо намайг шаналгасаар л. Тэр үед юунд муухай загнав. Өгчихсөн бол өртэй юм шиг юунд харамсаж явах билээ дээ. Хүмүүсээс нэрлэхсэн байхаа би. Тэдэнд 100 төгрөг өгөхөд л их баярлах байсан даа. Миний нутаг их хөлийн газар, том хот болсон байна билээ. Аж үйлдвэрийн парк болно гээд ажиллах хүчнийг нь бэлтгэх сургах их үйлсэд миний ангийн хүүхэд багшлан зүтгэж байгаа нь бахархалтай. Миний нутгийн ирээдүй гэрэл гэгээтэйг сонсоход их хутагтын минь зөгнөж хэлсэн далай сайншанд алсдаа их хот болно гэж зөгнөж ерөөсөнтэй нь таарч байгаа нь билэгшээлтэй...

Saturday, November 20, 2010

Уучлаарай

Олоон жил өнгөрсөн ч хүнд мартагддаггүй юм гэж бас байдаг аж. Залуу явж энд тэнд сатаарч мартвал мартах хугацаа хангалттай өнгөрч. Гэсэн ч мартагдсангүй. Аргагүйдээ өмссөн хувцаснаас өөр хогшилгүй хоёр хүүхэд амьдралаа эхлэн, босгох гэж 10 жил хамтдаа зүтгэсэн он жилүүд. Хөл хүндэрсэн анхны мэдээ,анхны тавилга, анхны шинэ жил гээд анхны,анхны бүхэн шинэ шинэ азжаргал, баяр хөөрийг авчирч хүүхдээс өөр баялаггүй айл гэхээргүй аз жаргалтай, хайр итгэлээр цалгилж байсан элэг бүтэн үеүүдтэй. Дэндүү их азжаргал, дэндүү их хайр эмзэг байдаг аж. Энэ дурсамжийг баллах гэж өөрсдийгөө их хуурсан даа. Ажлын хажуугаар өглөө оройгүй зүтгэн байж дутуу барьсан байшингийнхаа нэг өрөөнд нь орон гал голомтоо бадраан амьдралаа тарчигхаан эхэлж байсан ч, засч тохижуулан сайхан айл болж билээ. Сайхан амьдарч байна гэх хамт олны минь магтаал урмын үгс бидэнд их аз жаргал авчирдаг байсан даа.Тиймээ дэндүү их азжаргал, дэндүү их хайраар бялхаж бялуурч явж дээ бид. Ялих шалихгүй зүйлээс бие биедээ гомдоллон туниж аргадуулж буулгаж авах гэж эхэлсэн зөрчил даамжран хоёр тийш болоход хүргэхэд гомдсон сэтгэлийн их хайр, асар их үзэж ядалтаар солигдсон байв. Ах дүү, анд найз нар эхэндээ итгэж ойлгож өгөхгүй паникдаж байхад, атаархагч нар балиашигдаад дэвэргэж байсан нь хожих зүйлдээ яарч байсных байх. Манай гэрт юү нэмэгдэж хасагдаж, яаж болоод байгааг бүртгэж шагшиж байдаг хэдэн шаазгай байсан юм. Уулзаад үр хүүхдээ бодож, үнэт амьдралаа устгаж болохгүй тухай ярилцъя гэвч ялагдсан болчих гээд чадаагүй. Хохирсон доо бид амьдралаараа. Гэхдээ хамгийн их хохирогч нь хүүхдүүд минь байсан нь өнөөдрийн үнэн. Хүүхдүүдийнхээ хувь заяа, ирээдүйг хугаслах гэж байгаагаа мэдээд хэсэг дүүжлэгдэн хоргодсоныг минь мушгиад ирэхлээр нь муугаа үзүүлэхгүй гэж санаа шулуудсан. Мартах гэж манаргана гэгч болсон доо.
…Уучлаарай... гэдэг энэ хэдхэн үсэгтэй үгийг надад хэлсэн бол хүлээж авах байсан ч би эхэлж хэлж чадаагүй нь алдаа болсон юм. Хэн хэн нь ойлгож байсан ч гомдолдоо улайран, бууж өгч ялагдахаас ичсэндээ. Чамд гомдож байсаан. Мартая гэвч мартаж чадахгүй сэтгэл зүрх минь хэн нэгнээс харамлан, байж суухын аргагүй болох үе байсаан.Энэ олон жилийн хугацаанд бид ганцаардлаас гарч утгатай амьдрах гэж амьдрал зохиосон авч хоёр талд хэн,хэн нь ганц, ганцаар үлдсэн байх.Элэг бүтнээрээ нэг уулзах л юмсан даа. Энгийн мэт боловч хүний амьдралын нэг бүхэл үеийн сайн муу бүгд багтах ажээ. Өнгөрсөн амьдралын алдаа оноо бүхэн залуу насны минь эрч хүч байж дээ гэж бодоод л өнгөрхөд харамсмаар...Насны намар ойртож санчигны үсэнд хяруу унаж эхэлжээ. Харин би азаар сайн ханьтай учирч бурхан намайг тэшлэн харж үзэж дээ гэж баярладаг. Хэдийгээр шинэ амьдралын замыг засахаар зүтгэж яваа ч чамтайгаа би ганцхан уулзаад “Уучлаарай” гэдэг үгийг оройтохоосоо өмнө хэлэх юмсан. Уучлаарай даа биднийг гэж хүүхдүүддээ ч бас...

чимх инээд

Манайхан олон эрчүүд нэгнийгээ явуулна бас хочлоно.Саяхан манай ажилчдаас архи уусан гэж арга хэмжээнд орсон хэдэн хүн байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр өглөөд л ажилд гарч байгаа хүмүүсийг архи согтууруулах ундааны шалгалт/ үлээлгэдэг / хийдэг болсон. Нэг өглөө үлээлгэж байсан чинь хонь хочит Болдоо гэгч залуу /за би ч өчигдөр орой тасартлаа уусан яаж харьснаа мэдэхгүй байна яах бол гээд л маазарч байна. Тэгтэл цаанаас нь Чадраа тийм байхаа чи орой дөрвөн хөллөөд явж байсийм гэтэл бусад нь нирхийтэл инээлдэхэд сая ойлгосон хонь хочит маань зөрүүлээд нэг туулайтай таарсан чонотой хамт явж байлуу яалаа гэж хариулж хөхрөлдөж билээ. Чадраагийн хоч нь туулай юмсанж.

Tuesday, July 27, 2010

Макколи

1990-д оны дундуур манайхан ид гадагш явж чөлөөт нийгмийн амьдралтай танилцаж байсан үед бидний хэдэн нөхөд Солонгос улсад ажиллаж амьдарч, энэ ч гайхамшигтай юм, тэр ч гоё гэж дуу алдан гайхаж нүд тайлж байж билээ. Хүний гараар бүтээгдсэн гайхамшиг гэж бас байдаг аж. Солонгосын хөгжилд оруулж буй хувь нэмэрээ монголдоо оруулсан бол гэж боддог л юм. Сайн дураараа их шулуулсан даа бид. Хамт ажиллаж байсан хэд маань нутаг гэр орон хань ижил үр хүүхдээ их сананаа. Би ч бас. Гэхдээ надаас ялгаатай нь тэд архиар жаахан сатаарах. Манай ажил Со-чууддаа өглөө 8-с оройн 18 хүртэл боловч бид бараг орой болгон илүү цагаар ажиллах тул их ядарна. Манай эзэн бидэнд найруулдаг кофе, сүү, сахар өгдөг байв. Анх өгөхөд нь нэг хөгтэй явдал болж билээ. Бид бүгд л кофег анх хэрэглээ болгож үзэж байсан байх, ихээр ууж болдоггүй гэдгийг сайн мэдэхгүй байсныг бодоход. Найруулаад уусан Батбаяр гоё юмаа, яг шоколад шиг л гэж байна. Бид ч бас уулаа. Өөрийн мөнгөөр аваагүй юманд гамгүй хандаж хоол иддэг том аягаараа айраг ууж байгаа юм шиг л ууцгаасан даа. Тэр шөнөө бид бараг унтаж чадаагүйгээр барахгүй Батбаяр маань зүрх нь дэлсээд их л сандаргаж билээ. Бие сэргээж ажлын идэвх, бүтээмж нэмэгдэж л байвал эзэн маань их юм хийлгэж ашиг олох болохоор мэгжүү, сөөжүү, макколи, кофе, бакус гар таталгүй авч өгдөгийг хожим ойлгосон доо. Бид ажил дуусангуут ойрхон байдаг эмээгийн дэлгүүр зээлээр юм өгдөг тул асуудалгүй очих. Эмээ ч сайхан зантай юу авсныг нь дэвтэрт бичиж хар данс хөтлөөд цалингаас нь авчихдаг болохоор дуртай нь аргагүй өгнө. Манай хэд сард зээлээ 50000 воноос хэтрүүлэхгүй гэж байв ч халуураад дандаа л хэтрүүлэх. Тэгээд л эмээг нэмж бичлээ гэж хардана. Эмээ ч мунгинахгүй л бол нэмэхгүй дээ. Харин ч шударга шүү. Тооцоо хийсэний дараа тамхи татдагт нь тамхи гэхчилэн орлого орууллаа гэж урамшуулж байдагсан. Даваадорж төлсөн мөнгөндөө харамсаж хоргодохдоо эмээгийн нүдийг хариулж байгаад тамхи нууцаар хармаалж байхтай нь таарч санаа зовохдоо хурдхан гарч билээ. Дараа нь: хүний итгэл эвдээд муухай шдээ, чамайг гэхгүй монголчууд л гэнэ шүүдээ гэхэд эмээ нэмж бичсэн тул хариугаа авч байна гэж хэнэг ч үгүй байхад нь хэлэх үг олдоогүй дээ надад. Эмээ тэр явдлыг мэдээгүй ч би өөрөө хулгай хийгээд баригдчихсан юм шиг санаа зовдог байсан. Хүний итгэл даахгүй байх муухай л даа. Тэр хөгшин бидэнд итгэдэг. Гэр лүүгээ ярьсан уу? Хоолоо идсэн үү? Гэрээ санаж байна уу? гээд л санаа их тавинаа. Ажлаа сайн хийгээд мөнгө их хураагаад сайн гэр худалдаж аваад гэртээ хурдхан харьж сайхан амьдар гэнэ. Гэр бүлтэйгээ хамтдаа байхыг илүүд үзнэ. Со нар ажил мөнгө яриад их хөдөлмөрч хүмүүс. Эрчүүд нь бараг гэрийн бараа харахгүй эмэгтэйчүүд тэр зовлонг сайн ойлгодог болоод л захиж байсан байх. Мөнгөө бүү үр. Хүнд бүү зээлүүл гээд л захих. Аргагүй л өлсөж зовж, их хөдөлмөрлөж улсаа хөгжүүлсэн, мөнгөний үнэ цэнийг мэддэг ард түмэн юм даа. Юм үзэж атаа ч зан нь бараг арилжээ гэж боддог юм. Хууль бус гэж нүд үзүүрлэж байгаа хүн таараагүй шүү бидэнд. Манай Батмөнх макколи л шартуулдаггүй юм гээд оройдоо нэгийг ууна. Манайхаар бол бараашиг л даа. Со нар өөрсдөө ч дуртай айраг нь л гэсэн үг. Нэг орой Батбаяр Батмөнхтэй хамт шартахгүй гэхдээ макколигаар дагнаж. Өглөө нь үйлдвэрийн цонхоор толгойгоо унжуулчихсан бөөлжиж байхаар бие нь яаж байна гэж асуувал/Оог, Оог/ Баагий макколи шартуулдаггүй л гээд байсан худлаа л юм байна шдээ гээд гомдолтой нь аргагүй нулимсаа арчиж байж билээ.

Хардлага

Би хорооныхоо хэсгийн төв орчихоод буцаж явсан юм. Замд нилээд ядарсан байрын өвгөн тэргэн дээр тавьсан усаа чирсээр зүтгэж явахтай таарч туслалгүй хажуугаар өнгөрч төвдсөнгүй чиг таарч байгаагийнх хүргэж өгье гэж хэлээд авах гэтэл тэргээ тавихгүй гайхаад хараад байлаа. Яалтай нь билээ хүн итгэхгүй байхад. Орхиод явдаг юм билүү гэснээ таныг дөхүүлээд өгье гэвэл /хүргэж өгөхөө болиод/ итгэл муухан ч гэлээ тамир нь дутаад байгаадаа захирагдав бололтой дуртай дургүй жолоогоо шилжүүллээ шүү. Тэрэгтэй ус нь чадал муутайд бол хүнд ажээ. Ядаж байхад сав нь том. Өвгөн дуугүй дагаад л, анзаарч ажаад л, дараа нь яах гэж байгаа бол гэж түгшээд итгэж чадахгүй шаналж яваа бололтой. Өвгөд хөгшидтэй болохоор жаахан ч гэсэн тус болох гэсэн биш энэ нийгмийн шинж энэ өвгөнд ийм айхавтар хүнд туссан гэдгийг ухаараагүй явжээ би. Өвгөний гэр ч уг нь холгүй юм билээ л. Хашааных нь хаалганд хүргэж өгөөд цааш явлаа. /Гэрт нь оруулж өгье гэвэл илүү их шаналах байх/Өвгөн дараа юу ч болж мэднэ гэсэн янзтай сайн тогтоож харж авч байгаа бололтой баярлалаа ч үгүй хараад л байсан. Цааш явж байгаад сонирхон эргэж харвал өвгөн усаа хаалгаараа оруулах гэж мачийж байгаа харагдсан. Тусламж хэрэгтэй ч баярлаж чадахгүй хардаад байгаа нь өрөвдмөөр. Тэр өвгөний ч буруу биш байх л даа.

Sunday, July 25, 2010

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг

Бид хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гээд л хааяа мөрөөддөг. Энэ дуу ч нэгийг бодогдуулдаг. Даанч харамсалтай нь хүүхэд насандаа эргэн очиж алдаагаа засаж шинээр, бас ухаантай эхлэх боломжийг энэ хорвоо олгоогүй. Хүмүүст олддоггүй тэр боломж харин өнгөрсөн зун бидэнд ангийн найз Г.Сэрээнэндоржийн минь ачаар тохиож бага насныхаа дурсамжаараа цалгиж шаагиж шуугиж хоёр хоносон юм. Бид уулзах зар авсанаар ажил төрлөө зохицуулж 8-р сарын 7-ны орой цуглаж 20 цагийн галт тэргээр сайншандыг зорин хөдлөв. Ангийн багш О.Дашням болон ангийн нөхдөө 30 жилийн дараа харж байгаа хүн ч байв. Багш минь анууханаараа бараг биднээс ялгарах оворгүй. Бидний багын байдал, зан төрхийг мартаагүйгээр үл барам олон сайхан дурсамжийг минь сэргээн ярьж аргагүй л олон хүүхэдтэй ажиллан түүртэж үзээгүй саруул ухаантайгаа мэдрүүлж биднийг баярлуулав. Багш минь эрүүл энх урт удаан наслаарай. Таньдаа муу шавь нь маш их хайртай. Хүүхэд насны минь гэнэн, хөгтэй, инээдтэй, гашуун дурсамжууд гэгээлэг байжээ. Замдаа бид Чойр, Шивээ-Говиос  хүмүүсээ тосч авав. Бидний хөөрсөн сэтгэлийн шуугианд орж ирсэн хэд маань түрлэг нэмэн эрчээ авч залуу халууныг нь магтан дурсамж түүх шаагилдсаар явтал 35-р зөрлөг өнгөрлөө гэцгээв. Энэ мэдээ яарсан сэтгэлийг минь хөвөлзүүлж орхив. Энд биднийг хүлээж буй бага нас минь татаад байгаа бололтой шандынхаа гэрлийн барааг олоод харчих гэж догдлон байн байн цонх руу өндөлзөх болов. Удсан ч үгүй шандын гэрэл харагдлаа. Шөнийн 4 цаг өнгөрч байхад хүрч вагоноо салгуулснаар хүүхэд насандаа дэрвээд ирэвэй бид. Ангийн нөхөддөө ирсэнээ дуулгавал баяр хөөр, дуу шуу тэврэлдээн болж баахан бужигнаж байж тайширцгаав. Шанд, Замын-Үүдэд байдаг хэд маань унаа, амралт, хоол, аялал мөргөл гээд сайхан зохицуулж бэлтгэжээ. Тэд маань хөтөлбөрөө танилцуулж байна. Өглөө нь бид сургуулиараа орж ангидаа сууж үзлээ. Сурагчид амарч байгаа болохоор эл хуль, засвар хийгээд ундуй сундуй. Сургууль минь өргөтгөсөн хэрнээ нээх том болоогүй юм шиг. Сургуулийнхаа үүдэнд багштайгаа зургаа татууллаа. Танктай хөшөөн дээрээ очиж ар өвөр шандаа багынхаа төсөөллөөр харьцуулж харж дурсацгаав. Хангай газар шиг нуур ногоо халгиж цалгисан сайхан зун болоогүй ч миний дурсамжаар шандын зун эгэлгүй сайхан байдагсан. Говьд бороо хур ховор буух тул намаршиж эхэлж. Аймгийн төв их өргөжижээ. Саран хөхөө театрыг шинэчлэх гээд ар талыг нь буулгачихаж. Олон шинэ барилга нэмэгдэж. Хөшөө рүү гардаг шат хийж тохижуулж бас жижигхэн мухлагт айраг зарж байв. Аймгийн овоо минь жижигхэн болчоо юу даа гэлтэй хот тэлж. Овооны гэж нэрлэгдсэн худгийн сахиул өвгөн байдаг байж билээ. Тэр өвөөг номтой мэргэн гэж хүмүүс нууцаар үзүүлж харуулахаар их цувдаг байсан даа. Хавар зуны заагийн дулаан тогтуун налайж эхэлмэгц овоон дээр хүүхэд, хөгшиж нарлаж хүмүүс бужигнаж эхэлдэгсэн. Бид билет унших нэрээр овоон дээр гарч унших нь багадаж бужигнах нь ихдээд л буцдаг байсан даа. Нэгэнт уншиж амжаагүйг яалтай билээ аз хайна аа, хэдэн номерийн билет ирэх нь вэ гэж өвөөгөөр мэргэлүүлнэ. Өвөөгийн хэлсэн төдөөс төд хүртэл гэснийг нь уншиж азаа үздэг байсан.Тэндээс бид энергийн төв, Хамрын хийдээр орж хийморь лундаагаа сэргээж уул усандаа сүсэглэн даатгахаар хөдлөв. Их хутагтын маань байгуулсан хийд бум бужигнасан буяны том төвөөрөө эргэж сэргээд сайхан болжээ. Хамрын хийдийн лам Энхжаргал ангиараа ирсэнийг билэгшээгээд олон туулайтай сайхан өдөр гэж бидэнд зориулж ном айлдаж даатгаж өгсөнд нутгийн минь энерги шингэж сэтгэл ариусаад сайхан гэж. Хүний унаган нутаг гэдэг хаанаа ч их энергитэй байдаг аж сэтгэл санаа сэргээд бага насны дурсамж хөвөрсөөр. Нутгийн минь эс ширхэг бүхэн танил дотно. Энергийн төв орж хийморио сэргээж Ханбаянзүрх хайрхандаа/хүслийн уул ч гэдэг/хүслээ хэлж даатгаад орой нь Зээгийн хөтөлийн энгэр дэх жуулчны баазад ирж бидний гол парти эхэллээ.Тэр шөнө бидэнд ядарч нойр нь хүрсэн хүн гарсангүй яг л дунд сургуульд байсан шигээ хөгжилдөж шуугилдаж хонож билээ. Хэн нь ямар хүүхэд байсан хэнд хайртай байсан захиа зөөсөн гээд миний мэдэхгүй зөндөө түүх хүүрнэгдсээр. Анхны хайрын захиагаа 5-р ангидаа өгчихөөд түүнээсээ ичээд 3 хоног хичээлдээ явж чадахгүй тасалж байсан дурсамжтай зүрх ч байв. Зүү орох зайгүй гэдэг шиг бие биенээ их санасан байсан шүү. Д.Туяа энэ уулзалтанд зориулж шинэ гитар авч ирсэн нь бидний үеийн дуу хөгжмийн гол стиль АББА, БОНИ М, СМОКИ гэх олон хамтлагуудын дууг дууриан дуулж шүтэж явсан дурсамж эрхгүй сэтгэлд бууж манай ангийнхан авъяаслаг шүү гэх бахархал төрж байв. Хэн хаана явж юу хийсэн хэдэн хүүхэдтэй болсон хэнтэй амьдарсан гээд бүх л амьдралаа ярьцгааж өнгөрүүлсэн хугацааны тайлангаа тавьж хөгжилдлөө. Янз бүрийн амьдралтай болжээ бид. Энэ уулзалтад ирж амжаагүй болон биднийгээ орхин одсон нөхдөө ч дурсан харамсаж байв. Манай Даваа /Ганхуяг/ хүн хүнийг миний хүү гэж үнсэн нулимс мэлмэрүүлсэн өвгөн болж. Яасан ч уяхан болоов дээ анд минь. Гэхдээ олоон жилийн өмнөх гэнэн цагаахан хөгжилтэй үеэ дурсахад өөрийн эрхгүй уярал дурсамжийг хүн бүрт авчирч байсан дөө. Өглөө нь хоол унд энэ тэр гэх хооронд хөвгүүд сагсан бөмбөг тоглож усан санд хэдийгээ шидэж хөгжилдөв. Хүүхэд насны гэнэхэн томоогүй зан хаа нэгтээ нь нуугдаж байгаад гэнэт алдуурч байгаа бололтой Эрдэнэбатын зүггүй хөдөлж охидыг усанд түлхсэнийхээ хариуд охидод дамжилагдан усанд шидүүлж даруулж нилээд сандран туслаарай гэж хашгирч бөөн инээдэм. Хоол ундаа идэж уугаад буцах болж үдээс хойш шандад ирж уулзах хүнтэй нь гадуур гарч бусад нь вагондоо үлдэв. Чогий, Нэргүй хоёр эзгүй байгаад хамт явж чадаагүй хоцорч ирсэн тул тэнд уулзаж дурсамжаа сэргээсэн байхаа. Би шандад ирсэн завшаанаа ашиглан эмээтэйгээ уулзахаар гарсан болохоор сүүлд сонссон. Вагон хөдлөхөөс өмнөхөн ирсэнд алга боллоо ирэхгүй удлаа гэцгээж би ч жаахан гэмшив. Намайг эзгүйд вагоны өмнө зургаа авхуулцгаасан нь гоё гарсан байна билээ. Сургуулийнхаа өмнө багштайгаа авхуулсан зургаа үзээд л баймаар дурсгал. Суудал хөдлөх болоход хүүхэд насаа үлдээгээд явах гэж байгаадаа хоргодон үлдэх хэдтэйгээ салах гэж их огшицгоосон доо бид. Уулзахдаа гэрэвшээд чийгтээгүй аньсага чийгтсэн байсныг суудал хөдөлхөд анзаарсан шүү. Би буцаж явахдаа ангийнхандаа маш их баярлаж сэтгэл хөдөлсөндөө миний найзын галт тэрэг биднийг хүүхэд насанд минь хүргэж өглөө тэр галт тэрэг байдаг юм байна гэж эрхгүй дуун алдаж билээ. Галт тэрэг хурдаа авлаа ...

Friday, July 23, 2010

Оюу-Толгой


Оюу-Толгой хэмээх энэ бяцхан бор толгойг монгол хүн бүү хэл дэлхий мэддэг болсон гэхэд хилсдэхгүй байх. Яасан ч гоё эрдэнийн нэртэй толгойв дээ харахад энэ толгой даанч жижигхэн. Эрт үеэс л нэр нь эрдэнэ агуулсан сайхан энэ толгой маш их баялагийг агуулж бидний үеийг хүрч иржээ. Нутгийнхан нь хад чулуунд нь ногоон хөгц дааварласан энэ чулууны нэрээр нь бэлэгдэж оюу толгой гэж нэрлэж. Гэхдээ энд зэс эрдэнэ ч юмуу оюу байгаа эсэхийг мэдээгүй ч бэлэгшээгээд л нэрлэсэн нь ухаантай зөнтэй ард түмний минь амны хишигтэйнх. Энд байгаа их эрдэнэсийг ашиглахын тулд их бүтээн байгуулалт хийгдэж байгаа, цаашид уурхай ил, далдаар ашиглах гээд том төсөл хэрэгжинэ. Бэлэгт сайхан нэрээрээ дэлхийн танил болсон энэ жижигхэн бор толгой зураг, түүх болж үлдээд газрын хөрснөөс арчигдан тэгшлэгдэнэ гэж бодоход гунигтай. Эх орны хишиг гэнэ үү эрдэнийн хувь гэнэ үү бид бас хувааж идэх болох нь.

хармаг


Говийн ганц жимс хармаг элбэг ургадаг жил нь энэ жил бололтой. Товцог хэмээх бутанд ургадаг эл жимсэнд дургүй амьтан хүн говьд нэгээхэн ч үгүй байх. Говьд хоол хүнс, эмчилгээнд хэрэглэдэг гоёо, цулхир, хөмүүл, таана гэхчлэн цөөн хэдэн ургамал байдаг. Өөр ч бий л дээ би бүгдийг нь мэдэхгүй болохоор нэрлэсэнгүй. хармагийг бол харин мэдэх юм. Говийн амьтад хармаг жимс элбэг ургасан намар энд тэндгүй хармагны үрээр баасан байхыг харсан учраас үнэг хярс, элээ шувуу гээд бүгд л дуртай юм байна гэж боддог.

Tuesday, May 4, 2010

Муур ухаантай амьтан


Манай Мөнжөө ахынх цөөн хэдэн малтай байлаа. Ойрын жилүүдэд ган болоод шандыг тойрч ойр нутагладаг хорооцуул гэх айлууд малын аясаа дагаад нэлээд алслан гарахаас аргагүй болцгоож оторт гарч. Ахынх ч оторлож зуугаад километрийн холд гарч зусангаа хэд хэдэн буйр сэлгэж нүүж гэнэ. Тэднийх алгаа гэдэг эрх нэг мууртай. Нүүдэл суудал гэж байж муураа хөдөө төөрүүлээд алдчихсан нь эргэж олдсонгүй өнгөрч. Намар хүүхэд нь сургуульд суух болоход төв барааддагаараа төвлөж буугаад муураа ч мартсан байж. Нэг өдөр нөгөө муур нь хүрээд ирж, бөөн баяр болцгоож, ухаантай амьтан гээд ямбатай алаг муужгай байх. Хаа байсан зуугаад км-н цаанаас гэрээ олоод ирсэнийг нь бодоход тэнэг амьтан биш дэгээ.

Thursday, March 25, 2010

Хөрөнгө оруулагчид

Хөрөнгө оруулагчид ирэх тул бэлтгэл ажил хийж хоол хүнс, ус, нойл, гэр галлаж дулаацуулах гээд бүхэл бүтэн баг томилогдон гарч шаргуу ажилласаны эцэст хөлдүүг гэсгээж бүгдийг бэлэн болгоод байтал зочид ирж хөл үймээн болов. Хэдэн гадаад ноёд дагалдан яваа хүмүүс урлагын тоглолт хийх хэсэг ийм бүрэлдхүүнтэй аж.
Арван хоёр ханатай гэрт болсон хөрөнгө оруулагчдын уулзалтын дараа урлагын тоглолт үзүүлэв. Гадны ноёдод ардын урлагын хэсэгчилсэн үзүүлбэр сонирхуулж мэлмийг нь баясгав. Дараа нь гадаа гарч тэмээ унуулж тойруулах, зураг хөрөгөө татуулцгааж дурсамж үлдээж сэтгэл хангалуун байгаа бололтой сонирхоцгоож байлаа. Үндэсний хоолоор зоог барьж буцахаар хөдлөв. Манайд хөрөнгө оруулж манай баялагийг бидэнд ашиглаж өгөх гэж хөрөнгө босгож байгаа нь энэ юм гэнэ. Манай баялагийг л барьцаалаад хувьцаагаа зарж мөнгө босгож манайхаас олох ашгаасаа тэдэнд ноогдол ашиг өгөх болтой. Ядуугийн зовлоон гэж.

Шуурга


Саяхан говийн онц аюултай бас сонин үзэгдэл, угалз болж өнгөрлөө. Азаар ганц нэг гэр нурсанаас өөр хохирол багатай хоцров. Холын бараа бүү хэл ойрын 10 метрээс цаадах юмс үзэгдэхгүй болтол час улайж харанхуйлдаг аж. Цаг уурын мэдээгээр анхааруулж байсан боловч төвийн бидэнд юуны хамаатайв гээд ойшоогоогүй. Гэр оволзоод, нурахнуу гэлтэй шажигнаж байхад үнэхээр аймаар байлаа. Хажуудах нөхөр маань ээ бурхан минь гэж аргадаж буй айж буй нь илт дуугархыг үзээд барагтайд хулчийдаггүйг нь мэдэх болохоор хүн аргагүйдсэн үедээ л бурхныг дуудаж аврал эрдэг гэдэг нь үнэн ажээ. Хүний хэрээс хэтэрсэн байгалийн давагдашгүй хүч гэж байдаг аж. Төвийн бид ч яахав уруудуулаад алдчих мал гэж санаа зовох биш, гамшигт энэ үзэгдэлд малчид маань хэдэн малаа бүрэн аваад үлдчих гэж амиараа дэнчин тавин хэрхэн тэмцдэг болдоо гэж бодлоо. Бид маханд дуртай хэрнээ малчдын хүнд хөдөлмөрийг ойлгохгүй тэднийг залхуу арчаагүй гэж шүүмжилдэг. Бид хэдий тэднээс мал, мах, сүү цагаан идээ, түүхий эдийг нь худалдаж авдаг ч, мал сүрэг монголын баялаг тул, баялгыг адгуулж өсгөж арчилж байдаг малчидад баярлах ёстой. Нүүдэлчин монголчуудын өлсөж зовж үзээгүй цамаан зан нь малын буяных.

Tuesday, March 23, 2010

Энергийн төв

Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан хийдийн нэг нь Дорноговь аймгийн төв Сайншандаас баруун урагш 45 км-н зайд байрлах Хамрын хийд юм. Энэ ариун дагшин газрыг одоо нутгийнхан болоод гадныхан дэлхийн энергийн төв гэдгээр нь сайн мэддэг болжээ. Их хутагт маань үзэсгэлэн бүрдсэн хад агуйтай, хайлс бүйлстэй энэ газар бясалгал үйлдэн даяанчлан сууж байсан их эрдэмтэй хүн. Өдгөө гадныхан их ирж сонирхон шүтэж бишрэх, энерги авах, ажил үйлсээ даатгах, буян хураахаар цувах болж. Манай ангийнхан цуглаж нутаг орноо зорин очихдоо энергийн төвөөр орж ажил үйлс, амьдрал бүхнээ даатган сэтгэлээ ариусгаад энерги авч байгаа нь энэ.

Thursday, March 18, 2010

Анжи Түчинээ


Миний хүү ой найман сартай аав ээжийгээ баярлуулж том болж байна. Эмээгийн амь эрх гэж жигтэйхэн. Эмээ нь ч дийлдэж хүссэн болгоныг нь өгсөөр манайх хэдэн ч хуванцар шанагаа хагалуулсан юмбэ дээ бүү мэд. Барьж яваад л юу дайралдсанаа цохиод эмээгийн шанага будаа. Яахав тэр зэргийн юмыг том болоод хэд нугалаад төлчинөө гээд эмээ нь ёстой гарзад бодохгүйдээ харин ч. Миний хүү ч эмээдээ дураараа юмаа. Эмээгээ урт насалуулах гэж л миний хүү ирсэн. Эмээ нь ч элгээ дэвтээж ачдаа хоргоддог юм. Цаг наашилж эмээ нь нутаг орноо санаж л байгаа янзтай явах тухай ярьдаг боллоо. Бид ажил төрлөө дагаад хотоос явах аргагүй. Хүн ядарвал ургаа, тураг ядарвал уулаа гэдэг. Нас ахиад ирэхээр хүн нутаг усаа санаж тэмүүлдэг. Ээж минь харин хүүгээ аваад явна гэж дуугарч байсан аваад явах яах вэ өөрийнх нь чадал тэнхээ хүрэхгүй ,бид ч бас хүүгээ өгөөд явуулчиж чадах билүү? Өгч явуулахгүй гэвэл гомдож сүйд болох байхдаа.

Бэлгийн дарамт, хүчирхийлэл

Ажлын байрны бэлгийн дарамт нь албан тушаал, эрх мэдэл, эд материалын болон өөр бусад байдлаар эмэгтэй хүнийг эрхшээлдээ оруулж, тулган хавчиж, бэлгийн хавьтал үйлдэх бэлгийн хүчирхийлэлийн урьдал болдог бөгөөд ихэндээ санасандаа хүрч дуусдаг байна. АНУ-д эмэгтэй ажилтнуудын 21%, эрэгтэй ажилтнуудын 9% өртдөг гэсэн судалгаа байдаг аж. Бэлгийн дотно харилцаанд орох хүслээр эсрэг хүйсийхээ хүнийг дарамталж эхэлдэг. Ар өврөөр нь гарахдаа шунал тачаалтай нүдээр байнга ширтэх албаар харц мөргөлдүүлэх, халамжлах,туслах, секс онигоо ярих, хоолонд даах зэргээр эрхшээлдээ оруулахаар өдөж хоргоож царай өгөхгүй бол, аль үнэлгээ багатай хүнд хэцүү бохир хэсэгт хуваарилан байнга өө сэв эрж дарамтлах ба цаг цалингаар шахаж хавчиж эрхшээлдээ оруулахаар улайрдаг байна. Ажлын байрны бэлгийн дарамт түрэмгийлэлд өртсөн хүмүүсийн аль аль нь сэтгэл санааны болон биеийн эрүүл мэнд, ажлын хамт олонтойгоо хамтран ажиллах чадвар, ажлын талаарх сэтгэл ханамж зэргээрээ хохирдог. Тэгвэл манайд бэлгийн дарамт байна уу? Хэзээ нэгэн цагт нугарч хугаран миний санаснаар болно гэсэн итгэлтэй хүмүүс отож л байдаг ба тэр алсын зорилгыг нь ухаж ойлгохгүй, ойлгосон ч ажилгүй болохоосоо айгаад дарамтанд яваад байдаг хүмүүс байдаг. Бас юуг ажлын байрны бэлгийн дарамт гэх тухай сайн мэддэггүй хүмүүс ч байдаг. Надтай унтая гэж хэлээгүй юм чинь ажлын шаардлага л байх гэхчилэн хүлээж авдаг. Дарамт гэдэгт биед нь санамсаргүй хүрсэн болж хүрэх шүргэх, нууцад халдах, хов живд өртүүлэх, секс онигоо ярих, халамжлах, худлаа өрөвдөх, байнга харц тулгаж ширтэх зэрэг эрхшээлдээ оруулах гэсэн олон арга мэх хэрэглэхийг хэлдэг. Нүүр өгөөгүйнх нь төлөөх өшөө хорслоо өөртэй нь адил хэн нэгнийг илүү нөхцөл боломжоор хангаж, атаархуулах, замаар дарамталдаг байна. Эмэгтэй хүмүүс шударга учир багийн тоглолт нэртэй хуйдалдаанд нь ихэвчлэн хор хүргэж хавчигдаж эхэлдэг байна. Эцэст нь тэднийг тэнэг буюу урт үстэй ухаан нь богино гэх дүгнэлтэд хуйвалдагчид хүрдэг ба багийн тоглолт нэртэй хуйвалдаанаа үргэлжлүүлэхийн тулд гадна үлдээж карьерийг нь эцэслэж холдуулахыг хүсдэг байна.

Monday, March 15, 2010

Амралтын өдөр

Цасан дээр гулган наадах залуусын цоглог дуун цангинаж залуу насны ид хаваа бахадуулан Оюу толгойн залуус амарч байна.
Бид арван дөрөв хоногт нэг удаа амардаг ба сард хоёр удаа гэсэн үг. Оюу Толгойд ажиллаж байгаа монголчууд тэр тусмаа цас мөс ховор говийнхонд амралтын өдрөөр цасан дээр наадах боломж тун ховор. Энэ боломжийг Оюу толгойн удирдлагууд олгох гэж хэдэн шөнө дараалан нойроо хугаслан хиймлээр цас оруулах гэж, техникийн дэвшил ашиглан байж бий болгосон. Зун нь элсний баяр, өвөл нь цасны баяр. Энэ канадчуудаас сурах юм их. Хий хоосон хардахын оронд шинжлэх ухаан техникийн дэвшлийн ололтыг амьдралд яаж нэвтрүүлж хэрэглэдгийг нь сурч үндэсний боловсон хүчинтэй болох тал дээр их хичээмээр. Баялаг бүтээж их хөдөлмөрлөх, ядарсаны эцэст эрүүл агаарт амрах нь баялаг бүтээх эрч хүч.

12 ханатай гэр


Айвонхоу майнзын ерөнхийлөгч ноён Фрийдланд монголд, америкийн нэг мужийн дайны газартай гэж ам алдсан байдаг. Тэрбээр энэ арван хоёр ханатай гэрийг, Ханбогд хайрханы арын үзэсгэлэнт сайхан хадны өвөрт барьж тохижуулан гаднаас ирэх зочид гийчиддээ үзүүлбэр үзүүлэх, цайлж дайлах, монголд оюу толгой гэх асар баялагтай орд газартайгаа сурталчлан хувьцаагаа зарж хөрөнгө босгон хөлжиж тэрбумтан болсон сүйхээтэй эр. Энэ гэрийг, ноёныг эзгүйд нь сахиж байдаг айл байдаг. Гэрийн хоймор нь хурал семинар хийх болон урлагын тоглолт үзүүлэх тайзтай ба голд нь товойлгож хийсэн хээтэй том зуухтай хурал, үзэгчийн заалтай 4 талдаа 4 хаалгатай хээ хуар болсон эрээн гэр юм.Гаднаа боловсон /00/-той.

Saturday, March 13, 2010

Цасны баяр


Оюу-Толгой төсөлд ажиллаж байгаа хүмүүст зориулж хийсэн цасны өдөрлөг болж нэг өдөр сайхан баярлаж өнгөрөв. Цас мөсгүй говьд цас хиймлээр оруулж өргөн баяр болгон тэмдэглэсэн нь манайдаа шинэ сонин. Хүнийг ажиллуулж амаруулж баярлуулж байгаа хүнлэг ёс соёлыг нь манайхан туршлага болгон авбал сайнсан. Хүний эрхийг дээдэлдэг орны хүмүүс эрүүл эрхтэн бүтэн гэрт нь буцаах гэж аюулгүй ажиллагааны маш нарийн стандарт мөрдүүлдэг. Төслийн ажиллагааны талбарт тогтоосон журам нь үнэхээр том менежмент. Монголчууд угийн юманд баригдалгүй амьдарч сурсан задгай хэвшилтэй. Даяаршиж байгаа дэлхийдээ бид шинэ техник технологи ашиглан бусад улс орноос хоцролгүй хөдөлмөрлөж хөгжихөөс аргагүй.

Цалин


Хээр хөдөө ажиллаж элдэв зарлага гаргалгүй амьдралаа л босгочихвол хамтдаа амьдрах сайхан өдөр ирнэ гэж 3 жил зүтгэлээ. Юмны үнэ өсч авдаг цалин маань амьдрал дээшлүүлэх бүү хэл хүрэлцэхээ болив. Ажил хийсэний баяр баясгалан болж цалин буусан өдөр компаниараа бахархаж байсан үе бий. Захирал маань сүүлийн үед энэ миний хувийн өмч надтай санаа нийлэхгүй бол алтан хүн байсан ч хамт ажиллахгүй гэх болов. Хүн мөнгөтөй болж компани нь өргөжихийн хэрээр ухаан нь нэмэгддэг байтал бэрдийн сэтгэлээр улам шуналтай болж эвдэрдэг аж. Хууль юу ч биш гэнэ. Цалингаа голж байгаа хүн байвал зайгаа тавьж өгөөрөй ард чинь орох гэсэн хүмүүс хүлээж байгаа гэнэ. Жилд ажилчдаа эмнэлгийн үзлэгээр оруулах үүргээ үзлэгийн мөнгөө цалин авч байж өөрсдөө даа гэнэ. Шөнө ажилласан цагийн цалин гэж өгөхгүй ердийн илүү цагаар бодно гэнэ. Жилд амралт гэж олгохгүй гэнэ. Энэ олон дарамт шахалтыг бор ажилчид нь шүд зуун тэвчиж байна. Сайхан нийгэм байгуулна гэсэн нь зэрлэг капитализм юм болов уу.

Хүмүүсийн бухимдал

Хүн болж төрсөндөө маш их баярладаггүй хүн нэгээхэн ч үгүй. Адгуус араатаныг бодвол сэтгэн бодох, ухаарах, ухамсарлах гээд зөн совингоосоо илүү ухаанаараа мэдэрч тунгааж, шүүж шийдвэр гаргадаг хэрнээ хүн бид дандаа алдаж харамсаж ухаардаг нь харамсалтай. Ардчилал хүний эрх чөлөөг дээдэлдэг нийгэмтэй болоод эрх чөлөөгөө эдлээд сайхан амьдрана гэж хүмүүс ардчилалыг дэмжиж хүлээж авсан. Олон хууль шинээр төрж хүн бүхэн дагаж мөрдвөл нийгэм дэхь харилцаа зохицуулагдаж шударга ёс тогтоод сүйд болдоггүй юмаа гэхэд айх аюулгүй, сэтгэлийн дарамтгүй амьдрах сайхан нийгэм. Даанч хууль нь ядуучуудад л үйлчилдэг хүчтэй, эрх мэдэлтэн болон хүнд гаруудад үйлчлэх хүчгүй алагчилдаг, авилгач төрийн түшээдтэй нийгэм болоод айдас дарамтан дор шанална гэж хүмүүс төсөөлөөгүй. Сайхан нийгэмд шударга хөдөлмөрлөж хийж бүтээж чөлөөтэй сэтгэж эрх чөлөөтөй амьдарна гэж итгэж байсан хүмүүс бухимдаж байна. Яах гэж ч маргаашаа харах ухаантай төрөв гэж харамсах. Мал болоод төрсөн бол маргаашдаа санаа зовохгүй өнөөдрөөрөө амьдраад амар байхгүй юу гэнэ. Бухимдахгүйн тулд л амьтан болмоор байна гэж үү?

Friday, March 5, 2010

Ойрхон аюул

Манай улс газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байдаг тухай сүүлийн үед нилээд яригдаж түгшээх болов. Бурхандаа сайн залбирч маань мэгзэм уншуулаад арга засал хийлгээд төр засаг маань ард биднийгээ хамгаалаад байгаа болтой. Бид ч сайн залбиръя. Хүн төрөлхтөн давагдашгүй хүчний өмнө хүчин мөхөсдөөд аврагч хайж бурханыг хүчтэй болгосон. Бурхан ч хүчтэй!!! Бурханы зогсоож чадаагүй гамшгийг хийсэн нүглийн төлөөс болгож бурхан биднийг шийтгэж байна гэж зөөлрүүлж хүлээж авдаг хүлцэнгүй хүмүүсээ бид. Хот маань тэлж өндөр өндөр харш сүндэрлэн босч бурхан хайр ивээлээ өгсөөр л. Өндөр каркасан барилгын ханыг хөөсөн блокоор өрж бөглөөд өнгөлсөнийг, улсын комисс чанарын өндөр түвшинд баригдаж гэсэн үнэлгээтэй хүлээж авсаар л. Бурханыг хуурсаар л. Бурхан хуурч байгааг нь мэдээд зарлигдаж газар шилгээлгэвэл бурханд хэн хариуцлага тооцож зүрхлэхэв.

3-р сарын 18

Эр хүний баяр гэж сэтгэл огшоодог ч угтаа цэргийн/зэвсэгт хүчний/ баяр. Эр хүн болж төрсөндөө бахархаж эр цэрэгт татагдан явж хугацаат алба хаадагтаа цэргийн баярыг эрчүүд өмчилж нэрлээд нилээд удаж. Орчин үеийн цэргийн мэргэжил, төрөл олширохын хэрээр эмэгтэйчүүд олон тоогоор алба хаан мөр зэрэгцэж, бүр гаажтай нь биднээс илүүтэй мэргэших болов. Нэг лонх юм аваад тэднээс нууж хүртэхгүй бол бид ч бас цэрэг,баяраа хамтдаа тэмдэглэе гээд хуваалцах гээд байж мэдэхийн. Хэрэв тэдэнд баригдахаар бол та нар эр цэргийн алба хааж байгаа эр хүн, гэж итгүүлээд хүүхнүүдийн баяраар сэтгэл хөөрөөд хэрэггүй гээд л хэлчихэе.

Мартын 8

Хоёр хоногийн дараа, олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгаа билүү эрх чөлөөгөө ч билүү хамгаалах тэмцлийн өдөр. Өмнөх нийгмийн үед гоё баярын нэг байлаа. Байлаа гэдгийн учир нь энэ өдөр баяр бишт байгаа юм. Хэн нэгэн бүсгүй ч биш, бүсгүйчүүдийн хөндөгддөг эрх ашгийг төр засаг, нийгэмдээ зөөлнөөр хэлвэл сануулах, хатуугаар хэлвэл хамгаалж тэмцэх эрхийн өдөрт энэ өдрийн утга учир байх ёстой байх. Энэ нийгмийн эхний жилүүдэд залруулж эхчүүд, эмэгтэйчүүдийг хүүхэдтэй нь хамтатгаад баярлуулъя гэж шийдсэнд, мартын 8, баярын өдөр зад наргихгүй бол тэмцсэн болохгүй гээд эмэгтэйчүүд гоморхов. Төр засагт байгаа хүмүүс ч эмэгтэйчүүддээ хайртайгаа харуулах, мөн улам илүү хайртай болж байгаагаа өрсөлдөгч нараасаа түрүүлж илүү мэдрүүлж уяруулах арга хэмжээ авав. Мөн эмэгтэйчүүд эрх ашиг,эрх чөлөө гэх мэт тэгш эрхийн асуудал ярилгүй идэвхгүй байвал эрх баригчдад ашигтай бас амар байсан байх. Би ч бас эхнэрээ баярлуулна, ганц баяр чинь шүү сайхан баярлаарай хайртай шүү ганцхан чамдаа гээл баярлуулж байхад илүү юм яриад байхгүй биз. Илүү эрх нэхвэл албан ёсны баярын өдрийг нь тэмцлийн өдөр болгуулах санал гаргана гэхээр баярлахаа бодоод /улаан өдөр байсан нь дээрээ гэх/ байлгүй. Надад ч амар тэр өдөр жаахан тал засаад л өгвөл, цэргийн /зэвсэгт хүчний/ өдрөөр эр хүний баяр гээд намайг баярлуулж л таараа. Зэвсэгт хүчний баяр удахгүй болно эхнэрээ сайхан баярлуулсан байхад ч. хэ хэ хэ Эр хүн гэсэндээ арай алсыг харах юмаа би.

Wednesday, March 3, 2010

Чука ах өчиг алдсан нь

Ханбогдын Болоож ахыг мэдэхгүй хүн ховор. Пол ах гэцгээх. Ах ч ноён нуруутай сайхан хүн байдаг юм. Хашир гэж жигтэйхэн хэр баргийн ярианд оролцохгүй мэдэхгүй, харин л дээ, яадгийн бол гээд нэг ч үг алдаж гэнэдэхгүй. Нэг өдөр манай хэд хавь ойрын юм ярьж, халж байгаад ханбогдын хэдэн хүүхнүүд рүү яриа хальтран энэ Болороо одоо болтол нөхөр хүүхэдгүй онгон байх гээл цаашлуулцгааж байж. Гэтэл яриа чагнаж суусан Пол ах, тэр онгон бишээ яалаа гэж онгон байхав гээл ярианд оролцоход нь Галаа та яагаад сайн мэдээд байна аанн гэвэл, гэнэдсэнээ мэдээд ахыгаа дамшиглаад л гэж улайсан гэдэг. Ах дотроо мэдэж байж ч болох л доо. Гэхдээ томоотой доо ах.

Monday, March 1, 2010

Хаа сайгvй ээ хаа сайгvй

Манай ажлынхан дан эрчvvд болохоор нэгнээ явуулна гэж тоймгvй. Манайхан ч тэр байдалд алдаа гаргаж онигоонд орохгvйг хичээцгээнэ. Єдрийн хоолонд орохоор хоолны зааланд ойртох vед манай Галбаатарын нутгийн царай зvс муутай нэг хvvхэн, Галаа ах сайн уу? та хаана ажиллаж байгаа юм гэхэд нєхдєєсєє ичэж зовсондоо их сандарч хаа сайгvй ээ, хаа сайгvй гэж ууртайгаар хариулж, дараа нь нутгийн хvн юм болохоор тааралдаад мэндэлсэнд цаад хvvхэн нь дуугаралгvй хариу барин онигоо болж эвгvй байдалд оруулсан шүү.

Жижиг үс

Манай Ганболд гэж үсэрхүү хар хүн байх. Үс Ганбаа гэж хочилцгоодог байв. Ямар сайндаа янзалж байсан шугамнаас нь ус алдахад /үстийн булаг/ гэж даапаалж байхав.Бас нэг үсэрхүү Ганбаатар гэдэг залуу ажилд орж тэр хоёрыг том жижиг үс гэцгээх болсон юм. Тэр хоёр тохиолдлоор нэг гэрт хуваарилагдав. Нэг орой Аагий, Хуягаа хоёр жижиг Ганбаатай уулзахаар /үс/ байна уу гээд шагайж, гэтэл том /үс/ байх таарч юу гэнээ гээд л муухай харахад ахмад хүнээс бэргэсэн хоёр, үгүй ээ жижиг үс гэтэл хуцаад байгаарай та нар гэнгүүт л хаалгыг нь хаагаад зугтаж. Балмагдсан хоёр холдсон хойноо элгээ хөштөл инээсэн гэдэг.